Tuesday, March 4, 2014

Мөрөөдөл

Юуны өмнө та бүхэнд өөрийн хамгийн сайн найз болох “Мөрөөдөл”-ийг танилцуулъя. Түүнтэй би хамгийн анх 1997 онд танилцсан юм. Тийм шүү хамгийн анх хэзээ мөрөөдөж эхэлснээ олъё гэж тархин доторх мэдээллүүд дотроосоо маш удаан хайсан юм. Эцэст нь санасаан. Анх би 3 настайдаа 100 дотор тоолж сурсан. 4 настайдаа хязгааргүй хүртэл тоолж сурчихаад, “Тэнгэрт байгаа оддыг бүгдийг нь тоолж сурах юмсан” гэсэн гэгээхэн мөрөөдөлтэй болсон юм. Энэ бол миний санаж байгаа хамгийн “Анхны мөрөөдөл”. Түүнээс хойш байнга л мөрөөдөлдөө хөтлөгдөн одоо ч гэсэн мөрөөдсөөр л... магадгүй үхэн үхтлээ мөрөөдөх л байх. Харин энэхүү “мөрөөдөл” гэгч зүйлийн талаар бусад хүмүүс ямар бодолтой, ямар мөрөөдөлтэй байдаг юм болоо? Гэж сонирхсоны эцэст энэхүү бяцхан нийтлэлийг бичлээ.
Мөрөөдөл гэж юу вэ?
Мөрөөдөл гэдэг үг магадгүй мөр-өөдөл /Монгол хүн мөр бүтэн амьдрахын тулд мөрөө өөд татаж толгой дээгүүр явахын ёстой./ гэсэн үг байж болох юм
"Надад мөрөөдөл бий..."
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, агуу уран илтгэгч Мартин Лютер Кинг тэртээ 1963 онд хүн бүрийн сэтгэлд "оч бадраасан" энэхүү алдарт ишлэлийг хэлсэн байдаг. Хүн бүхний сэтгэлийн угт мөрөөдөл, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл, тэмцэх чадал байдаг. Америкийн Нэгдсэн Улсад он удаан жил ноёрхсон арьс өнгөөр ялгаварлан үзэх төрийн бодлогод өөрчлөлт оруулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болох замд оруулж чадсанаараа Мартин Лютер Кинг өөрөө мөрөөдөлдөө хүрсэн "амьд домог"-уудын нэг яах аргагүй мөн. Түүний хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийг үнэлж Нобелийн энх тайвны шагналыг 1964 онд олгосон, энэ шагналыг авсан хамгийн залуу хүнээр тодорсон юм.





Мөрөөдөл нь ирээдүй рүү чиглэнэ. Өнгөрсөн рүүгээ мөрөөднө гэж байхгүй. Тэгэхлээр мөрөөдөл нь нэг чигтэй юм. Гэхдээ мөрөөдлийг өнгөрснөөр ургуулна. Мөрөөдөл өчигдрөөс эхэлсэн, гэвч дан өчигдөр-өнгөрсөндөө тулгуурлан мөрөөдвөл юун хол явах. Мөрөөдөл маргаашийг зорино, гэвч өчигдөр болоод өнөөдрийгөө мартвал бас л хол явахгүй ээ. Мөрөөдөл бол өнгөрсөн-одоо-ирээдүй гэсэн гурван цагийн зангилаа юм.
Улс үндэстэн хөгжин дэвшихийн гараан дээр ирэхэд мөрөөдөл гэдэг үг  үнэд ордог байна. Жишээлбэл:  Дэлхийн 2-р дайны дараа америк хүн бүр, айл бүр, улс орноорооАмерик мөрөөдөл”-д автсан ажээ. Америк мөрөөдлийн ачаар л Америк орон ингэж хөгжсөн гэж судлаачид үздэг байна. Тиймээс Монголчууд бид өнөөдрийн зовлонгоо мартаж мөрөөдөх хэрэгтэй. “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэгэж Чингис хаан бидэнд захижээ. Мөрөөдөл тухайн үеийнхээ орон цагаа дагаж хувьсана. Энгийн мөрөөдлөөс нарийн нийлмэл, илүү гүн, илүү ончтой мөрөөдөлд шилждэг.  Мөрөөдөл нь ямар байна, эзэн нь тийм байдаг. Эзнээ мөрөөдөл нь хөтлөнө. Мөрөөдлийн тухайд хүмүүсийн хандлага янз бүр. Сул сулбагар хүмүүс мөрөөдлийг голдуу боломжгүй, үл биелэх талаас нь хардаг. Тэд мөрөөдлөө биелүүлэх гэж тэмүүлэхээсээ халширдаг, шанд ньамьдралд ялагдсан хүмүүсгэдэг одон зүүнэ. Ирээдүйдээ итгэл багатай хүмүүс эрсдлээс айна, тэд мөрөөдөгсдийг шоолж муулж байдаг, шанд ньбусдаас горьдогчгэдэг медаль зүүнэ. Гэтэл ирээдүйг бүтээгч хүмүүст мөрөөдөл нь зорилго болж хувирна. Тэд мөрөөдлөө биелүүлэгчид бөгөөд тэд бол улс орноо урагш нь чиглүүлэгчид мөн. Ийм ирээдүйг бүтээгчдийн ачаар улс орон урагшилдаг байна. . Мөрөөдлийн агуулга нь өөрчлөлт-хөгжил юм. Мөрөөдөхийн тулд л мөрөөддөг биш ээ. Өөрчлөх-хөгжүүлхийн тулд мөрөөддөг юм. Мөрөөдөх нь өөрчлөхийн эхлэлийн цэг. Өөрчлөлтгүйгээр урагшилна гэж байхгүй, энэ нь мөрөөдөхдөө өөрчлөхөө бас давхар бодож бай гэсэн шаардлага. Өөрчлөлтөөс айгсад мөрөөдөх хэрэггүй ээ, тийм хүмүүс олон байдаг нь гачлантай. Өөрчлөлтийг түшиглэсэн, өөрчлөлтөөр баталгаажсан тийм мөрөөдөл биелдэг. Тийм мөрөөдлийг бүтээлч мөрөөдөл гэнэ.
Ийм л мөрөөдөл үүрд бидний зүрхэнд цэцэглэсээр байг.




"Дэлхийн хамгийн агуу зүйлс хүсэл мөрөөдлөөс эхэлдэг"