Friday, October 23, 2015

TOWS Шинжилгээний арга

Байгууллагын давуу ба сул тал, боломж ба аюул занал гэж үзэж болох ямар асуудал байна, түүний нөлөөлөл нь ямар байгааг шинжлэн судалсаны үндсэн дээр эрхэм зорилго, стратегиа тодорхойлж хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж, байгууллагын үйл ажиллагааны одоогийн дүр төрх ба цаашид хөгжүүлэх арга замыг тодорхойлдог аргыг SWOT шинжилгээний арга гэдгийг маркетер бүр мэдэх билээ. Харин стратеги сонголтын SWOT шинжилгээний бас нэгэн арга болох TOWS шинжилгээний аргыг танилцуулж байна
Байгууллагын гадаад орчны хүчин зүйл - "аюул занал ба боломж", дотоод орчны хүчин зүйл - "сул тал ба чадварт" өгсөн үнэлэлтэнд тулгуурлан TOWS шинжилгээ хийж, стратегийн дөрвөн хувилбарын аль нэгийг сонгоно. Үүнд:
1. "SO" - стратегийн хамгийн тохиромжтой хувилбар болох бөгөөд тухайн байгууллага боломждоо түшиглэн өөрийн давуу талыг бэхжүүлэх явдал юм.
2. "WО" - стратеги нь сул талыг багасгах, боломжийг илүү сайн ашиглах оролдлого юм. Гадаад орчны боломжийг давуу тал болгон ашиглах боломжтой.
3. "SТ" - стратеги нь гадаад орчны аюул заналтай тэмцэхдээ байгууллагын өөрийхөө давуу талд тулгуурлан давуу талаа нэмэгдүүлэх, аюул заналыг багасгахад чиглэгдэнэ. Аль нэг байгууллага өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварын өсөлтөөс шалтгаалан үүсч байгаа аюул заналыг арилган өөрийн үйлчилгээний технологи, санхүү, удирдлага зохион байгуулалтын давуу талаа ашиглан өрсөлдөж болно.
 4. "WT" - стратеги нь сул тал болон аюул заналыг хамгийн бага хэмжээнд болгох зорилготой. Тухайн байгууллагыг нэгтгэх, цомхтгох, татан буулгах шаардлагатай байж болно.
Түүнчлэн SWOT болон TOWS шинжилгээний сонгодог матрицуулыг бэлтгэх олон программууд байдаг ба жишээ загварыг дараах хаягаас сонирхоно уу.
Баярлалаа.
Бичсэн : Б.Баярмаа

Маркетингийн Судалгааны VALS Шинжилгээний Арга

VALS (Values, Attitudes, Lifestyle) гэдэг нь :
  • Values – үнэт зүйлс 
  • Attitudes – хандлага 
  • Lifestyles – амьдралын хэв маяг гэсэн үгсийн товчлол
        Энэхүү VALS загвар нь хэрэглэгчдийг сэтгэлзүйгээр нь сегментчилэх загвар юм. Уг аргыг 1970 онд Америкийн эрдэмтэн Арнолд Мишель Америкийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, үнэт зүйлсийг судлахад зориулан гаргасан. Дараа нь 1978 онд SRI хэмээх олон улсын байгууллагаас албан ёсоор гаргасан. 1989 онд хэрэглэгчийн зан төлвийг урьдчилан таних зорилгоор илүү дэлгэрэнгүй хэлбэрээр гарсан нь Стэнфорд Их Сургуулийн харъяа SRI олон улсын байгууллага болон Калифорнийн Их Сургуулийн шинжилгээний багийнханы тусламжтайгаар хувийн зан чанар дээр нь үндэслэсэн хэрэглэгчдийг сегментчилэх гэсэн тодорхойлолттойгоор гарсан.
 Энэхүү арга нь хэрэглэгчийн зан төлөв болох хувийн зан чанар, шинж байдал дээр үндэслэн хэрэглэгчийн зах зээлийг сегментчилэх замаар одоогийн болон ирээдүйд бий болох боломж, нөөц бололцоог тодруулах зорилготой арга юм.
Ингэхдээ хэрэглэгчдийн олон янзын, ялгаатай хувийн зан чанарууд дээр үндэслэн сэтгэл зүйн талаас нь тодорхойлон тус тусад нь ангилан тэдний ямар нөхцөлд ямар шийдвэр гаргадаг талаар авч үздэг. Мөн хэрэглэгчийн худалдан авах зан төлөв болон хувь хүний зан араншин хоёрын хоорондын харилцан хамаарал болон юуг илүүд үздэг, юуг сонгодог, үнэт зүйл нь юу вэ гэдгийг тодруулахаар шинжилгээ хийдэг. Хувийн зан араншин нь тэднийг өдөөж худалдан авалт хийлгэх гол хүчин зүйл болдог.
 VALS-ийн сегментчилэл хэрэглэгчдийг 8 хэсэгт ангилан авч үздэг. Эдгээр нь:
Ингэхдээ дээрх загварыг хөндлөн болон босоо байдалд байгаагаар нь гол өдөөгч хүчин зүйл болон гол эх үүсвэр гэж ангилна. 
Гол өдөөгч хүчин зүйл: Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахдаа тэдний амьдралд сэтгэл ханамж өгөхүйц, зан төлөвдөө тохирсон, тэдний илүүд үздэг зүйлийг өөртөө тусгаж чадсан тийм бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож авдаг байна.
 Хувь хүнийг өдөөгч гол хүчин зүйл нь түүний бүхий л үйл ажиллагаанд үргэлж гол цөм нь болж байдаг тухайн хүний өөрийнх нь дотоод дахь ертөнц юм.
 Хэрэглэгчид дараах гурван гол өдөөгч хүчин зүйлийн нэгний үр дүнд шийдвэр гаргадаг байна. Эдгээр нь: Туйлын хүслэн, ололт амжилт, мөн өөрийгөө илэрхийлэх.
 Гол эх үүсвэр: Энэ нь тухайн хүний нас, орлого, боловсрол зэргээс шалтгаалан тэдний хэрэглэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэгт хандах хандлага юм. Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, шинэлэг зүйлийг эрж хайдаг, оюунлаг, шинэчлэл хийх дуртай, түргэн зантай, удирдан тэргүүлэхийг эрмэлздэг боловч нэрэлхүү зан ааштай хүмүүс энэ бүлэгт багтана. Ийм зан ааш нь тэднийг хувь хүнийх нь үндсэн мөн чанартай холбох гол түлхүүр нь болж өгдөг байна. Тэрхүү үндсэн мөн чанарын өөр өөр ялгаатай түвшингүүд нь тэр хүнийг өөрийгөө илэрхийлэх, гол өдөөгч хүчин зүйлүүдийг улам хурцалж ихэсгэж байдаг байна.

Танд Маркетингийн Судалгаа Хэрэгтэй Юу?

Бизнес эрхлэгчид өрсөлдөөнд ялж, зах зээлд байр сууриа бэхжүүлэн ажиллахын тулд эдийн засгийн зохион байгуулалтын үндсэн асуудлаа оновчтой шийдвэрлэхэд гадаад, дотоод орчны өөрчлөлтийн талаарх үнэн зөв, бодитой мэдээлэлд тулгуурах зайлшгүй шаардлагатай байдаг. Мэдээллийн үнэн зөв, бодитой, найдвартай байдлыг маркетингийн судалгаа л хангаж өгдөг. 
Маркетингийн судалгаа нь байгууллагын хөгжлийн үндсэн чиглэл, стратегийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулах бодит үндэслэлийг бүрдүүлэх, түүнчлэн байгууллагын өмнө тулгарч байгаа эгзэгтэй асуудлыг оновчтой шийдвэрлэх хамгийн боломжтой арга замыг бүрдүүлж байдаг.
Маркетингийн шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийг олж цуглуулах, шинжилгээ хийх эрэмбэ дараатай үйл явцыг маркетингийн судалгаа гэдэг.
Мэдээллийн үнэ цэнэ нь хүний өдөр тутмын үйл ажиллагаанд гаргасан шийдвэрийн үнэ цэнээр тодорхойлогдоно. Хэрэглэгчдийн худалдан авах хүсэл сонирхолыг төрүүлэхүйц өнгө, үзэмжтэй, амт чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгон, боломжийн үнэ, оновчтой сувгаар сурталчилан борлуулах арга ухааныг маркетингийн судалгаа бүрдүүлж байдаг. Иймд маркетингийн судалгаа нь байгууллагад маркетингийн хольцын зохистой хослолыг хэрэглэн зах зээлд амжилт олох нөхцлийг бүрдүүлнэ.

Маркетингийн судалгааны өөр нэг бодитой үр дүн бол байгууллага, аж ахуйн нэгж хөгжлийнхөө үндсэн чиглэл, урт ба богино хугацааны төлөвлөгөө боловсруулах бодит үндэслэлийг олж авдагт оршино. Маркетингийн судалгааны явцад байгууллагын өмнө тулгарч байгаа эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх хамгийн боломжтой арга замыг олох, дэвшүүлсэн зорилго, зорилт, төлөвлөгөөгөө үр ашигтай хянах боломж бүрддэг.

Маркетингийн судалгааны үр дүнд маркетингийн шинэ шинэ боломжуудыг нээн илрүүлж, байгууллага хөгжин дэвжих, өрсөлдөгчөө ялан дийлэх аугаа их нөөц, хүчийг хуримтлуулна. Маркетингийн маш олон янзын нөөц, боломжууд байдаг. Тухайлбал, цоо шинэ зах зээл олох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, шинэ сав баглаа боодол бүтээх, борлуулалтын шинэ суваг нээх гэх мэт боломжууд байдаг. Эдгээр боломжуудыг маркетингийн судалгааны үр дүнд л илрүүлдэг.
Байгууллагууд маркетингийн судалгааг тодорхой дэс дарааллын дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Маркетингийн судалгааг дараах дарааллаар хийдэг. Үүнд:
1. Судлах асуудлыг тодорхойлох
2. Судалгааны дизайн боловсруулах
3. Мэдээлэл цуглуулах арга хэлбэрээ сонгох
4. Түүвэрлэлтийн дизайн гаргаж мэдээлэл цуглуулах
5. Мэдээлэл, судалгааг нэгтгэн, шинжилж дүгнэлт гаргах
6. Судалгааны тайлан бэлтгэх 

Маркетингийн судалгаа логик уялдаа холбоо бүхий нарийн дэс дараат үйл явц бөгөөд судлах зүйл, түүний шинж төлөв, удирдлагад тулгарсан шийдвэрлэх асуудлын байдлаас хамааран эдгээр дарааллыг хэрхэн хэрэгжүүлэх, судалгааг яаж төгсгөх арга хэлбэрийг шийднэ. Маркетингийн судалгааг бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу байнга хэрэгжүүлснээр маркетингийн мэдээллийн тогтолцоо бүрддэг. 
Маркетингийн судалгааны үндсэн чиглэлийг дараах байдлаар тодорхойлдог. Үүнд:
  1.  Зах зээл ба борлуулалтын судалгаа :
- Зах зээлийн багтаамжийн үнэлгээ
- Зах зээлийн хэсгийн үнэлгээ
- Зах зээлийн хөгжлийн хандлага
              2. Борлуулалтын мэдээлэл :
 - Зах зээлийн чадавхийн үнэлгээ
- Хэрэглэгчдийн хүсэл хандлага
- Өрсөлдөгчдийн зах зээл
             3. Бүтээгдэхүүний судалгаа :
 - Шинэ бүтээгдэхүүний санаа олох
 - Бүтээгдэхүүний концепци бий болгох
 - Бүтээгдэхүүнийг турших
 - Туршиж буй бүтээгдэхүүний мааркетингийг зохион байгуулах
 - Баглаа боодлын  төрлийг судалж турших
                4. Үнийн судалгаа
 - Үнэ ба эрэлтийн хамаарлын судалгаа
 - Амьдралын мөчлөгийн янз бүрийн шатууд дахь үнийн бодлогын прогноз
                 5. Бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн судалгаа
 - Зарлал сурталчилгааны үр ашиг
 - Мэдээллийн хэрэгслүүдийн үр ашиг
 - Сурталчилгааны янз бүрийн хувилбаруудыг турших
 - Идэвхжүүлэлтийн хэрэгсэл, аргуудыг харьцуулан шинжлэх
 - Бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж буй явц
                      6. Маркетингийн орчны судалгаа
 - Маркетингийн дотоод орчны үнэлгээ
 - Гадаад орчны хүчин зүйлийн нөлөөлөл
                    7. Өрсөлдөгчийн судалгаа
 - Өрсөлдөгчдийн зорилго, хүчтэй ба сул талын судалгаа
 - Өрсөлдөгчдийн хариу үйлдлийн бүтцийн үнэлгээ
 - Өрсөлдөгчдийн санхүүгийн хүчин чадлын ба технологийн түвшний үнэлгээ
 - Удирдлага зохион байгуулалтын түвшний үнэлгээ
 - Өрсөлдөгчийн нэр хүнд ба аргаа өөрчлөх чадварын үнэлгээ
 - Нөөц ба шинжлэх ухааны чадавхийн үнэлгээ
 Маркетингийн судалгааны аль чиглэлээр судалгаа хийх вэ? гэдгийг тухайн байгууллагын зорилго, зорилт, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхойлно.

Байгууллага зах зээлийн ширүүн өрсөлдөөний нөхцөлд оршин тогтнох бодит үндэс нь нарийн бодож, төлөвлөн хийсэн маркетингийн судалгааны үр дүнг ашиглахад оршино.




Бичсэн : Б.Баярмаа

2015.07.05

Ээжээсээ Сурсан Менежментийн 5 Зарчмууд

    Миний ээжийг Р.Байгалмаа гэдэг бөгөөд тэр минь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын нэг, миний хувьд хамгийн шилдэг удирдагч /leader/ юм. Ээжээсээ сурсан энгийн бөгөөд агуу дүрмүүдийг та бүхэнд танилцуулъя.
 1. Цэгцтэй бай. Аливаа ажлыг эхэлсэн бол дуусгах ёстой гэдэг нь тодорхой бөгөөд энэ шат дамжлага бүр дээр цэгцтэй, нягт нямбай байх хэрэгтэй. Ингэснээр хийсэн ажлаа өөрт болон бусдад илүү ойлгомжтой болгох бөгөөд хийж дууссаны дараа овоорсон их ажлыг эмхэлж цэгцлэх гэсэн төвөгтөй том ажлыг хялбарчилж болох юм. /Нягтлан хүн нямбай байхаас эхэлдэг/
 2. Төлөвлөгөөтэй бай. Хийсэн ажлаа урьдаас төлөвлөж, тайлангаа байнга гаргаж байх хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө дүгнэх боломжтой юм. Бага байхаас минь л дэлгүүр ороод авах зүйлсээ бид хамтдаа бичиж, авсаны дараа үнийн тооцоог ард нь бичдэг байлаа. Энэ нь надад орлого зардлаа хянаж сурах энгийн хичээл болсон юм.
3.  Элэгсэг бай. Бүх хүмүүстэй яаж элэгсэг хандахыг өдөр тутмын өөрийнхөө харилцаагаар ээж минь надад заасан нь харилцааны менежментийн хамгийн том хичээл болсон юм. Инээмсэглэл, мэндчилгээ, урмын үгс хүнд бэлэглэснээр өөртөө сайхан энергийг хуримтлуулдаг.  Хүнийг гомдоох үгс хэлэх нь битгий хэл бодоод ч хэрэггүй. 
 4. Эртэч шувуухай шиг бай. Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зардал юм.
Ээж минь надад: "- Өглөө эрт босвол дэлхий чам руу инээмсэглэдэг" гэж хэлдэг ба шувууд жиргэлдэж, нар мандах тэр мөчид дэлхий үнэхээр мишээдэг юм.
Тэр минь хүүхдүүддээ өглөө эрт босох төдийгүй өглөөний цай уулгаж хэвшүүлсэн ба энэ нь бидний ирээдүйд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалтын нэг юм. Яагаад гэдгийг дараахаар тайлбарлая. Амжилтын оргилд хүрч чадсан хүн бүгд өглөөд сэргэлэн болжмор шиг сэргэг байдаг зан чанарын
онцлогтой. Амжилт бүтээлээр дүүрэн эдгээр хүмүүсийн өглөө бүр нь давтагдашгүй, эргэн тойрныхоо хүмүүстэй чөлөөтэй сайхан харьцаж эерэг энерги цацруулж чаддаг. Өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг удирдаж байгаа хүн амьдралаа зөв жолоодож чадах билээ. Амжилт нь өглөөнөөс шалтгаалдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс эртэч, хичээнгүй хүмүүс байсан. Унтаж амрах хамгийн тохиромжтой цаг нь шөнийн 11 цагаас өглөөний 5 цаг гэж үзвэл болно. Нойрноос сэрээд 5 цагаас эхлэн нэг цаг гаруй өнгөрсний дараах өглөөний 6-8 цаг хүртэл тархи хамгийн сэргэг цэлмэг болдог. Иймээс өглөөний цаг нь хүнд үнэт эрдэнэ мэт чухал зуйл болохнээ. Тэрхүү үнэт эрдэнийг л сайтар ашиглаж чадвал амьдрал өөрчлөгдөх болно. Өглөөний цай нь “заавал уух хэрэгтэй” гэдэг түвшнээс хальж, өдөрт иддэг гурван удаагийн хоолноос хамгийн чухал нь юм. Өглөө идсэн хоол унд нь тэр өдрийн эрч хүч, ялангуяа тархины үйл ажиллагаанд туйлын их хэмжээгээр нөлөөлдөг. Мөн янз бүрийн өвчнөөс сэргийлж чадна. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд өглөөд сэрүүн байсан. Байгаль хүнд өдөрт 24 цагаас илүү хугацааг өгдөггүй. Хэн бүхэнд энэ талаар адил тэгш юм. Хүнд тэнцүүхэн зөв шударгаар заяаж хуваагдсан баялаг бол зөвхөн цаг билээ. Эрх мэдэл, мөнгөөр ч гэсэн бусдын цагийг булааж болохгүй. Тиймээс цагийг сайн зохицуулан удирддаг хүн л амьдралаа захиран залж чадах бөгөөд амжилт бүтээлтэй амьдралыг цогцлуулан бүтээх болно. Ээжийн минь энэхүү энгийн хичээл “бизнесийн цагийн менежмент”-ийн хичээл байсан юм.
 5. Унших соёл. Хэрхэн сайн уншигч байх вэ? Сайн зохиолчид их байхын хирээр бас сайн уншигч их байх хэрэгтэй юм. Үлгэрийн номноос эхлэн утга зохиолын ном унших соёлд намайг сургаж, цэгцтэйгээр хэрхэн сэтгэх ухаанад суулгасан юм. Энэ нь ч намайг илүү зүйл мэдэх хүсэлд автуулж судлаач болгосон биз ээ.
             Миний ээж менежментийн энэхүү энгийн 5 зарчмыг хичээлээр биш амьдралынхаа явцад хэзээ ч арилашгүй тархинд минь гүн суулгаж эзэмшүүлсэнээр миний 5 жил сурах хичээлийг, цаг хугацааг хөнгөвчилж өгсөн юм. Таны ээж, таны гэр бүлийнхэн ч мөн танд менежментийн дээрх болон өөр хичээлүүдийг зааж өгсөн гэдэгт илгэлтэй байна. Хамгийн гол нь түүнийг хэрхэн таньж мэдэн ашиглах нь чухал юм. Танд амжилт хүсье.


       Баярлалаа                          
       Бичсэн : Маркетер Б.Баярмаа
       2015.07.18

Tuesday, March 4, 2014

Мөрөөдөл

Юуны өмнө та бүхэнд өөрийн хамгийн сайн найз болох “Мөрөөдөл”-ийг танилцуулъя. Түүнтэй би хамгийн анх 1997 онд танилцсан юм. Тийм шүү хамгийн анх хэзээ мөрөөдөж эхэлснээ олъё гэж тархин доторх мэдээллүүд дотроосоо маш удаан хайсан юм. Эцэст нь санасаан. Анх би 3 настайдаа 100 дотор тоолж сурсан. 4 настайдаа хязгааргүй хүртэл тоолж сурчихаад, “Тэнгэрт байгаа оддыг бүгдийг нь тоолж сурах юмсан” гэсэн гэгээхэн мөрөөдөлтэй болсон юм. Энэ бол миний санаж байгаа хамгийн “Анхны мөрөөдөл”. Түүнээс хойш байнга л мөрөөдөлдөө хөтлөгдөн одоо ч гэсэн мөрөөдсөөр л... магадгүй үхэн үхтлээ мөрөөдөх л байх. Харин энэхүү “мөрөөдөл” гэгч зүйлийн талаар бусад хүмүүс ямар бодолтой, ямар мөрөөдөлтэй байдаг юм болоо? Гэж сонирхсоны эцэст энэхүү бяцхан нийтлэлийг бичлээ.
Мөрөөдөл гэж юу вэ?
Мөрөөдөл гэдэг үг магадгүй мөр-өөдөл /Монгол хүн мөр бүтэн амьдрахын тулд мөрөө өөд татаж толгой дээгүүр явахын ёстой./ гэсэн үг байж болох юм
"Надад мөрөөдөл бий..."
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, агуу уран илтгэгч Мартин Лютер Кинг тэртээ 1963 онд хүн бүрийн сэтгэлд "оч бадраасан" энэхүү алдарт ишлэлийг хэлсэн байдаг. Хүн бүхний сэтгэлийн угт мөрөөдөл, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл, тэмцэх чадал байдаг. Америкийн Нэгдсэн Улсад он удаан жил ноёрхсон арьс өнгөөр ялгаварлан үзэх төрийн бодлогод өөрчлөлт оруулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болох замд оруулж чадсанаараа Мартин Лютер Кинг өөрөө мөрөөдөлдөө хүрсэн "амьд домог"-уудын нэг яах аргагүй мөн. Түүний хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийг үнэлж Нобелийн энх тайвны шагналыг 1964 онд олгосон, энэ шагналыг авсан хамгийн залуу хүнээр тодорсон юм.





Мөрөөдөл нь ирээдүй рүү чиглэнэ. Өнгөрсөн рүүгээ мөрөөднө гэж байхгүй. Тэгэхлээр мөрөөдөл нь нэг чигтэй юм. Гэхдээ мөрөөдлийг өнгөрснөөр ургуулна. Мөрөөдөл өчигдрөөс эхэлсэн, гэвч дан өчигдөр-өнгөрсөндөө тулгуурлан мөрөөдвөл юун хол явах. Мөрөөдөл маргаашийг зорино, гэвч өчигдөр болоод өнөөдрийгөө мартвал бас л хол явахгүй ээ. Мөрөөдөл бол өнгөрсөн-одоо-ирээдүй гэсэн гурван цагийн зангилаа юм.
Улс үндэстэн хөгжин дэвшихийн гараан дээр ирэхэд мөрөөдөл гэдэг үг  үнэд ордог байна. Жишээлбэл:  Дэлхийн 2-р дайны дараа америк хүн бүр, айл бүр, улс орноорооАмерик мөрөөдөл”-д автсан ажээ. Америк мөрөөдлийн ачаар л Америк орон ингэж хөгжсөн гэж судлаачид үздэг байна. Тиймээс Монголчууд бид өнөөдрийн зовлонгоо мартаж мөрөөдөх хэрэгтэй. “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэгэж Чингис хаан бидэнд захижээ. Мөрөөдөл тухайн үеийнхээ орон цагаа дагаж хувьсана. Энгийн мөрөөдлөөс нарийн нийлмэл, илүү гүн, илүү ончтой мөрөөдөлд шилждэг.  Мөрөөдөл нь ямар байна, эзэн нь тийм байдаг. Эзнээ мөрөөдөл нь хөтлөнө. Мөрөөдлийн тухайд хүмүүсийн хандлага янз бүр. Сул сулбагар хүмүүс мөрөөдлийг голдуу боломжгүй, үл биелэх талаас нь хардаг. Тэд мөрөөдлөө биелүүлэх гэж тэмүүлэхээсээ халширдаг, шанд ньамьдралд ялагдсан хүмүүсгэдэг одон зүүнэ. Ирээдүйдээ итгэл багатай хүмүүс эрсдлээс айна, тэд мөрөөдөгсдийг шоолж муулж байдаг, шанд ньбусдаас горьдогчгэдэг медаль зүүнэ. Гэтэл ирээдүйг бүтээгч хүмүүст мөрөөдөл нь зорилго болж хувирна. Тэд мөрөөдлөө биелүүлэгчид бөгөөд тэд бол улс орноо урагш нь чиглүүлэгчид мөн. Ийм ирээдүйг бүтээгчдийн ачаар улс орон урагшилдаг байна. . Мөрөөдлийн агуулга нь өөрчлөлт-хөгжил юм. Мөрөөдөхийн тулд л мөрөөддөг биш ээ. Өөрчлөх-хөгжүүлхийн тулд мөрөөддөг юм. Мөрөөдөх нь өөрчлөхийн эхлэлийн цэг. Өөрчлөлтгүйгээр урагшилна гэж байхгүй, энэ нь мөрөөдөхдөө өөрчлөхөө бас давхар бодож бай гэсэн шаардлага. Өөрчлөлтөөс айгсад мөрөөдөх хэрэггүй ээ, тийм хүмүүс олон байдаг нь гачлантай. Өөрчлөлтийг түшиглэсэн, өөрчлөлтөөр баталгаажсан тийм мөрөөдөл биелдэг. Тийм мөрөөдлийг бүтээлч мөрөөдөл гэнэ.
Ийм л мөрөөдөл үүрд бидний зүрхэнд цэцэглэсээр байг.




"Дэлхийн хамгийн агуу зүйлс хүсэл мөрөөдлөөс эхэлдэг"