Showing posts with label Маркетинг. Show all posts
Showing posts with label Маркетинг. Show all posts

Friday, October 23, 2015

TOWS Шинжилгээний арга

Байгууллагын давуу ба сул тал, боломж ба аюул занал гэж үзэж болох ямар асуудал байна, түүний нөлөөлөл нь ямар байгааг шинжлэн судалсаны үндсэн дээр эрхэм зорилго, стратегиа тодорхойлж хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж, байгууллагын үйл ажиллагааны одоогийн дүр төрх ба цаашид хөгжүүлэх арга замыг тодорхойлдог аргыг SWOT шинжилгээний арга гэдгийг маркетер бүр мэдэх билээ. Харин стратеги сонголтын SWOT шинжилгээний бас нэгэн арга болох TOWS шинжилгээний аргыг танилцуулж байна
Байгууллагын гадаад орчны хүчин зүйл - "аюул занал ба боломж", дотоод орчны хүчин зүйл - "сул тал ба чадварт" өгсөн үнэлэлтэнд тулгуурлан TOWS шинжилгээ хийж, стратегийн дөрвөн хувилбарын аль нэгийг сонгоно. Үүнд:
1. "SO" - стратегийн хамгийн тохиромжтой хувилбар болох бөгөөд тухайн байгууллага боломждоо түшиглэн өөрийн давуу талыг бэхжүүлэх явдал юм.
2. "WО" - стратеги нь сул талыг багасгах, боломжийг илүү сайн ашиглах оролдлого юм. Гадаад орчны боломжийг давуу тал болгон ашиглах боломжтой.
3. "SТ" - стратеги нь гадаад орчны аюул заналтай тэмцэхдээ байгууллагын өөрийхөө давуу талд тулгуурлан давуу талаа нэмэгдүүлэх, аюул заналыг багасгахад чиглэгдэнэ. Аль нэг байгууллага өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварын өсөлтөөс шалтгаалан үүсч байгаа аюул заналыг арилган өөрийн үйлчилгээний технологи, санхүү, удирдлага зохион байгуулалтын давуу талаа ашиглан өрсөлдөж болно.
 4. "WT" - стратеги нь сул тал болон аюул заналыг хамгийн бага хэмжээнд болгох зорилготой. Тухайн байгууллагыг нэгтгэх, цомхтгох, татан буулгах шаардлагатай байж болно.
Түүнчлэн SWOT болон TOWS шинжилгээний сонгодог матрицуулыг бэлтгэх олон программууд байдаг ба жишээ загварыг дараах хаягаас сонирхоно уу.
Баярлалаа.
Бичсэн : Б.Баярмаа

Маркетингийн Судалгааны VALS Шинжилгээний Арга

VALS (Values, Attitudes, Lifestyle) гэдэг нь :
  • Values – үнэт зүйлс 
  • Attitudes – хандлага 
  • Lifestyles – амьдралын хэв маяг гэсэн үгсийн товчлол
        Энэхүү VALS загвар нь хэрэглэгчдийг сэтгэлзүйгээр нь сегментчилэх загвар юм. Уг аргыг 1970 онд Америкийн эрдэмтэн Арнолд Мишель Америкийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, үнэт зүйлсийг судлахад зориулан гаргасан. Дараа нь 1978 онд SRI хэмээх олон улсын байгууллагаас албан ёсоор гаргасан. 1989 онд хэрэглэгчийн зан төлвийг урьдчилан таних зорилгоор илүү дэлгэрэнгүй хэлбэрээр гарсан нь Стэнфорд Их Сургуулийн харъяа SRI олон улсын байгууллага болон Калифорнийн Их Сургуулийн шинжилгээний багийнханы тусламжтайгаар хувийн зан чанар дээр нь үндэслэсэн хэрэглэгчдийг сегментчилэх гэсэн тодорхойлолттойгоор гарсан.
 Энэхүү арга нь хэрэглэгчийн зан төлөв болох хувийн зан чанар, шинж байдал дээр үндэслэн хэрэглэгчийн зах зээлийг сегментчилэх замаар одоогийн болон ирээдүйд бий болох боломж, нөөц бололцоог тодруулах зорилготой арга юм.
Ингэхдээ хэрэглэгчдийн олон янзын, ялгаатай хувийн зан чанарууд дээр үндэслэн сэтгэл зүйн талаас нь тодорхойлон тус тусад нь ангилан тэдний ямар нөхцөлд ямар шийдвэр гаргадаг талаар авч үздэг. Мөн хэрэглэгчийн худалдан авах зан төлөв болон хувь хүний зан араншин хоёрын хоорондын харилцан хамаарал болон юуг илүүд үздэг, юуг сонгодог, үнэт зүйл нь юу вэ гэдгийг тодруулахаар шинжилгээ хийдэг. Хувийн зан араншин нь тэднийг өдөөж худалдан авалт хийлгэх гол хүчин зүйл болдог.
 VALS-ийн сегментчилэл хэрэглэгчдийг 8 хэсэгт ангилан авч үздэг. Эдгээр нь:
Ингэхдээ дээрх загварыг хөндлөн болон босоо байдалд байгаагаар нь гол өдөөгч хүчин зүйл болон гол эх үүсвэр гэж ангилна. 
Гол өдөөгч хүчин зүйл: Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахдаа тэдний амьдралд сэтгэл ханамж өгөхүйц, зан төлөвдөө тохирсон, тэдний илүүд үздэг зүйлийг өөртөө тусгаж чадсан тийм бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож авдаг байна.
 Хувь хүнийг өдөөгч гол хүчин зүйл нь түүний бүхий л үйл ажиллагаанд үргэлж гол цөм нь болж байдаг тухайн хүний өөрийнх нь дотоод дахь ертөнц юм.
 Хэрэглэгчид дараах гурван гол өдөөгч хүчин зүйлийн нэгний үр дүнд шийдвэр гаргадаг байна. Эдгээр нь: Туйлын хүслэн, ололт амжилт, мөн өөрийгөө илэрхийлэх.
 Гол эх үүсвэр: Энэ нь тухайн хүний нас, орлого, боловсрол зэргээс шалтгаалан тэдний хэрэглэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэгт хандах хандлага юм. Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, шинэлэг зүйлийг эрж хайдаг, оюунлаг, шинэчлэл хийх дуртай, түргэн зантай, удирдан тэргүүлэхийг эрмэлздэг боловч нэрэлхүү зан ааштай хүмүүс энэ бүлэгт багтана. Ийм зан ааш нь тэднийг хувь хүнийх нь үндсэн мөн чанартай холбох гол түлхүүр нь болж өгдөг байна. Тэрхүү үндсэн мөн чанарын өөр өөр ялгаатай түвшингүүд нь тэр хүнийг өөрийгөө илэрхийлэх, гол өдөөгч хүчин зүйлүүдийг улам хурцалж ихэсгэж байдаг байна.

Танд Маркетингийн Судалгаа Хэрэгтэй Юу?

Бизнес эрхлэгчид өрсөлдөөнд ялж, зах зээлд байр сууриа бэхжүүлэн ажиллахын тулд эдийн засгийн зохион байгуулалтын үндсэн асуудлаа оновчтой шийдвэрлэхэд гадаад, дотоод орчны өөрчлөлтийн талаарх үнэн зөв, бодитой мэдээлэлд тулгуурах зайлшгүй шаардлагатай байдаг. Мэдээллийн үнэн зөв, бодитой, найдвартай байдлыг маркетингийн судалгаа л хангаж өгдөг. 
Маркетингийн судалгаа нь байгууллагын хөгжлийн үндсэн чиглэл, стратегийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулах бодит үндэслэлийг бүрдүүлэх, түүнчлэн байгууллагын өмнө тулгарч байгаа эгзэгтэй асуудлыг оновчтой шийдвэрлэх хамгийн боломжтой арга замыг бүрдүүлж байдаг.
Маркетингийн шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийг олж цуглуулах, шинжилгээ хийх эрэмбэ дараатай үйл явцыг маркетингийн судалгаа гэдэг.
Мэдээллийн үнэ цэнэ нь хүний өдөр тутмын үйл ажиллагаанд гаргасан шийдвэрийн үнэ цэнээр тодорхойлогдоно. Хэрэглэгчдийн худалдан авах хүсэл сонирхолыг төрүүлэхүйц өнгө, үзэмжтэй, амт чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгон, боломжийн үнэ, оновчтой сувгаар сурталчилан борлуулах арга ухааныг маркетингийн судалгаа бүрдүүлж байдаг. Иймд маркетингийн судалгаа нь байгууллагад маркетингийн хольцын зохистой хослолыг хэрэглэн зах зээлд амжилт олох нөхцлийг бүрдүүлнэ.

Маркетингийн судалгааны өөр нэг бодитой үр дүн бол байгууллага, аж ахуйн нэгж хөгжлийнхөө үндсэн чиглэл, урт ба богино хугацааны төлөвлөгөө боловсруулах бодит үндэслэлийг олж авдагт оршино. Маркетингийн судалгааны явцад байгууллагын өмнө тулгарч байгаа эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх хамгийн боломжтой арга замыг олох, дэвшүүлсэн зорилго, зорилт, төлөвлөгөөгөө үр ашигтай хянах боломж бүрддэг.

Маркетингийн судалгааны үр дүнд маркетингийн шинэ шинэ боломжуудыг нээн илрүүлж, байгууллага хөгжин дэвжих, өрсөлдөгчөө ялан дийлэх аугаа их нөөц, хүчийг хуримтлуулна. Маркетингийн маш олон янзын нөөц, боломжууд байдаг. Тухайлбал, цоо шинэ зах зээл олох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, шинэ сав баглаа боодол бүтээх, борлуулалтын шинэ суваг нээх гэх мэт боломжууд байдаг. Эдгээр боломжуудыг маркетингийн судалгааны үр дүнд л илрүүлдэг.
Байгууллагууд маркетингийн судалгааг тодорхой дэс дарааллын дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Маркетингийн судалгааг дараах дарааллаар хийдэг. Үүнд:
1. Судлах асуудлыг тодорхойлох
2. Судалгааны дизайн боловсруулах
3. Мэдээлэл цуглуулах арга хэлбэрээ сонгох
4. Түүвэрлэлтийн дизайн гаргаж мэдээлэл цуглуулах
5. Мэдээлэл, судалгааг нэгтгэн, шинжилж дүгнэлт гаргах
6. Судалгааны тайлан бэлтгэх 

Маркетингийн судалгаа логик уялдаа холбоо бүхий нарийн дэс дараат үйл явц бөгөөд судлах зүйл, түүний шинж төлөв, удирдлагад тулгарсан шийдвэрлэх асуудлын байдлаас хамааран эдгээр дарааллыг хэрхэн хэрэгжүүлэх, судалгааг яаж төгсгөх арга хэлбэрийг шийднэ. Маркетингийн судалгааг бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу байнга хэрэгжүүлснээр маркетингийн мэдээллийн тогтолцоо бүрддэг. 
Маркетингийн судалгааны үндсэн чиглэлийг дараах байдлаар тодорхойлдог. Үүнд:
  1.  Зах зээл ба борлуулалтын судалгаа :
- Зах зээлийн багтаамжийн үнэлгээ
- Зах зээлийн хэсгийн үнэлгээ
- Зах зээлийн хөгжлийн хандлага
              2. Борлуулалтын мэдээлэл :
 - Зах зээлийн чадавхийн үнэлгээ
- Хэрэглэгчдийн хүсэл хандлага
- Өрсөлдөгчдийн зах зээл
             3. Бүтээгдэхүүний судалгаа :
 - Шинэ бүтээгдэхүүний санаа олох
 - Бүтээгдэхүүний концепци бий болгох
 - Бүтээгдэхүүнийг турших
 - Туршиж буй бүтээгдэхүүний мааркетингийг зохион байгуулах
 - Баглаа боодлын  төрлийг судалж турших
                4. Үнийн судалгаа
 - Үнэ ба эрэлтийн хамаарлын судалгаа
 - Амьдралын мөчлөгийн янз бүрийн шатууд дахь үнийн бодлогын прогноз
                 5. Бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн судалгаа
 - Зарлал сурталчилгааны үр ашиг
 - Мэдээллийн хэрэгслүүдийн үр ашиг
 - Сурталчилгааны янз бүрийн хувилбаруудыг турших
 - Идэвхжүүлэлтийн хэрэгсэл, аргуудыг харьцуулан шинжлэх
 - Бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж буй явц
                      6. Маркетингийн орчны судалгаа
 - Маркетингийн дотоод орчны үнэлгээ
 - Гадаад орчны хүчин зүйлийн нөлөөлөл
                    7. Өрсөлдөгчийн судалгаа
 - Өрсөлдөгчдийн зорилго, хүчтэй ба сул талын судалгаа
 - Өрсөлдөгчдийн хариу үйлдлийн бүтцийн үнэлгээ
 - Өрсөлдөгчдийн санхүүгийн хүчин чадлын ба технологийн түвшний үнэлгээ
 - Удирдлага зохион байгуулалтын түвшний үнэлгээ
 - Өрсөлдөгчийн нэр хүнд ба аргаа өөрчлөх чадварын үнэлгээ
 - Нөөц ба шинжлэх ухааны чадавхийн үнэлгээ
 Маркетингийн судалгааны аль чиглэлээр судалгаа хийх вэ? гэдгийг тухайн байгууллагын зорилго, зорилт, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхойлно.

Байгууллага зах зээлийн ширүүн өрсөлдөөний нөхцөлд оршин тогтнох бодит үндэс нь нарийн бодож, төлөвлөн хийсэн маркетингийн судалгааны үр дүнг ашиглахад оршино.




Бичсэн : Б.Баярмаа

2015.07.05