Friday, February 28, 2014

Бүгдээс суралц

Ойрын өдрүүдэд миний амьдрал үнэхээр сонирхолтой, сайхан байна. Миний хүрээлэл, миний эргэн тойрон бүгд үнэхээр сайхан...

Би жижиг зүйлээс том зүйл хүртэл бүгдийг л ажиглах дуртай. Алхахдаа ажиглаад л, ажигласнаа бодож, түүнийгээ тунгаадаг. "-Хөл гараа хөшөөгүй байгаа дээр сайн алхах хэрэгтэй" гэж эмээ минь байнга хэлдэг. Өдөр бүр өөртөө нээлт хийх гэж өөр зам сонгож алхана. Өнөөдөр нэг найман настай охин надтай хамт алхангаа элдвийг ярилаа. Түүнийг Номуун гэдэг.
Номуун : -Эгчээ би шатар тоглох дуртай. Би шатрыг өөрөө хараад л сурсан. Заримдаа би хожигддог. Гэхдээ би уурладаггүй ээ. Яагаад гэвэл би их зүйл сурдаг.
Би : -Яг юуг сурдаг вэ?
Номуун : Би хожихыг сурдаг. 
Хэрсүү хэрнээ түүний хэлсэн үг бүр надад ихийг заалаа. Тэр хүүхэд "Стратеги" гэдэг үгийг мэдэхгүй хэдий ч тэр "Стратеги"- ийг мэддэг. 

Эцэст нь хэлэхэд "Мэдлэг бол эрдэнэсийн сан, туршлага бол түүнийг онгойлгох түлхүүр юм"

Saturday, December 28, 2013

Бүх нууцын тайлал БИ байхсан

Би бээр уншиж сурсан цагаасаа л шинжлэх ухаанч "нууцын тайлалт" ном унших их дуртай байлаа. Хансель Гритель, Жюль Вэрн : "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь", Дэн Браун : "Да Винчи Код" Джон Перкинс : "Эдийн засгийн алуурчны наминчлал" "Эрвээхийн нөлөөлөл" гээд бүгд нууцыг тайлсан зохиолууд юм.
Энэ хорвоогийн олон нууцуудын хэдэн хувийг та мэдэх вэ?
Эцэст нь орчлон дээрх бүх нууцын тайлал би байхсан..

Би тэнгэрт дүүлэхийг хүссэн Болжмор

За өнөөдөр бодлоо хэлхэн ийм зураг бүтээлээ. Бүгдээрээ том зорилготой, том бодолтой байгаарай.
Гол нь : "Мөрөөдлөө хүмүүст битгий ярь, зүгээр л тэдэнд харуул"

2013.12.10 Мягмар гараг "Найз"

Өнөөдөр /цас ороогүй мөртлөө цаанаа л жихүүн өвлийн нэгэн жирийн өдөр/ сургууль руугаа өнөөх л танил замаараа нөгөөх л танил орчноо ажиглан алхаж байлаа. Гэтэл урд минь нэгдүгээр ангийн болов уу гэмээр хоёр охин мөхөөлдөс идэн чанга инээлдэн, хөтлөлцөн алхаж байна /Тэр хоёрын нөхөрлөл мөхөөлдөс болон хүйтэн өвлийг дулаацуулж байгаа бололтой/

Үүнийг харан би нөхөрлөлийн талаар элдвийг эргэцүүллээ.
1. Найз гэж хэн бэ?
2. Найзыгаа би 100 хувь мэдэх үү? найз минь намайг 100 хувь мэдэх болов уу?
3. Нөхөрлөлтэй би хэзээ анх учрав?
4. Найз нөхөргүй бол би хэн бэ?

Арван жилдээ бид нар наймуулаа найзалдаг байлаа.. Энэ нөхөрлөл л миний хувьд хамгийн үнэтэй. Найзууд минь наддаа үнэтэй, надад найз гэж хэн байдгийг хэлж, харуулж өгсөндөө..

"Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад хаана дууссандаа......"
Бидний нөхөрлөлийн түүх яг хаанаас эхэлснийг сайн санахгүй байгаа ч нэг л мэдэхэд хагацаж чадахгүй нэгэн цулыг найман хүн бүрдүүлчихсэн байсан юм.
Бид хамгийн дүрсгүй нь. Охидууд хэрнээ зодоонд оролцож байлаа, /нэг найз минь бүр надаас болж зодуулж нүүрэндээ сорвитой болж байсан түүх ч бий/
Бид хамгийн шилдэг нь. 9-р анги төгсөөд сурлагаар нь жагсаахад мань хэд л хамгийн дээр нь жагсаж байсан. Сургуулийн олимпиад, загварын тэмцээн, загвар зохион бүтээх тэмцээнүүдийг гаргаадаггүй түрүүлдэг байлаа.

Дүрсгүй сайхан өдрүүд минь төгсгөл болж бид салаа замын эхэнд иржээ.. /Их сургуульд орцгоов/
Бүгд л өөрийн сонгосон замаараа алхацгаах боллоо. Хэзээ нэг өдөр буцаад хамт байсан өнгөрсөн өдрүүд лүүгээ буцах ч юм шиг,, санагддаг байлаа. Бүгд өөр өөр мэргэжил сонгон бүгд өөр хамт олонд уусцгаасан юм. 4 жилийн дараа эргээд уулзахад бодол, санаа, хүсэл, зорилго өөр өөр болцгоосон байна.. Гэвч биднийг *дурсамж* минь холбосон хэвээр....

Найзуудаараа би бахархдаг...

Цаг хугацаа миний дуртай тархины хоол

Энэхүү зургийг хараад таны толгойд юу бодогдож байна? Зураач Алекс Алимени энэ зургандаа нэр өгөөгүй юм. Магадгүй нэр гэдэг ойлголт энэ зурганд багадах байх.. Заримдаа хугацааг хэмждэг энэ цаг гэгч багаж худлаа ч юм санагддаг уу? Хугацааг ашиглан *сэргэлэнгүүд* түрүүлээд хөдөлчихсөн байдаг.. Та хожуу ухаарсан байж болно, одоо ч хамаагүй тэднийг алхаж байхад хооронд хажуугаар нь гүйгээд гар.......

Saturday, December 7, 2013

МИНИЙ МАНЛАЙЛАГЧ

Хүн бүр л энэ хорвоо дээр мэндлээд өөрийн нэгэн цоо шинэ, агуу ертөнцийг бүтээдэг. Мэдээж биднийг өсгөж, хүмүүжүүлж, өөрсдийнхөө соёлыг түгээсэн эцэг эх, эмээ өвөө нар минь бидний хамгийн сайн манлайлагчид байдаг ч тэднийг манлайлагч гэж хэлэхэд энэ үгийн утга багадна.
Он жилийн алчуур
Олон дахин далласаар
Өнгөрсөн дуртгал дотроос
Өөрөө намайг дуудна
Мартсныг санаж, үлдсэнийг бүтээе гэж
Манлайлагчийнхаа талаар өгүүлье
Харин миний мөрөөдөл, зорилгоос урган гарсан цор ганц манлайлагч байдаг. Тэр хүн л хамгийн зөвийг ярьж, тэр хүн л хамгийн ихийг хийж, тэр хүн л хамгийн шинэлэг бүхнийг сэтгэн гаргаж, тэр л манлайлагч гэдэг үгийг бүрэн утгаар нь илэрхийлж чадах хүн. Түүнийг Уолт Дисней гэдэг ба агуу “Диваажингийн хот” болох Дисней лендийг өөрийн уран сэтгэмж, ухаанаар бүтээсэн хүн юм. Уолт хар багаасаа л их зовлон үзэж өссөн ба тэрээр миний амьдралд “Хүүхэд нас” гэж байгаагүй гэж хэлжээ. Учир нь тэр үүрийн 3 цаг гэхэд л бусдаас түрүүлж босон өглөөний сонины шинэ дугаар худалдан авч борлуулдаг байсан юм. Багаасаа л их зураг зурах дуртай хүү байжээ. Түүнийг алдарт хүргэсэн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бол “Алиса гайхамшгийн оронд” юм. Мөн нэр цууг авчирсан Микки маустаа тэрээр бусад бүх дүрүүдээс илүүтэйгээр хайртай. Диснейн бүтээлүүд алдарт хүрэхэд Уолтод биш Миккид гарчигласан захианууд ихээр ирдэг байсан  юм. Уолт Дисней хоёр охинтой ба анх тэдэндээ зориулж хашаан дотроо анхны Дисней Лендийг бүтээжээ. Уолт хэлэхдээ : “хүмүүс надад ийм сайхан үлгэрийн ертөнцийг байгуулсанд баярлалаа гэж хэлэхийг хүсвэл миний хоёр гүнжид ингэж хэлэх нь илүү тохиромжтой гэж би хэлнэ” гэжээ.
Тэрээр агуу шинийг санаачлагч төдийгүй чадварлаг удирдагч байсан юм. Дисней өөрийн компанийн ажилчдынхаа эхлээд зорилгыг, дараа нь мөрөөдлийг мэдэж, тэднийг эерэг сэтгэлгээтэй болгож, алхам тутамдаа инээмсэглэж явахыг зөвлөдөг байжээ. Мөн тэрээр: “Диваажингийн хотын ажилчдыг хүүхдүүд тэнгэрийн элч мэтээр л төсөөлдөг. Тэд ч тийм байдаг толгойн дээрээ цагирагггүй л болохоос..” гэжээ. Бас тэр амьралынхаа ихэнх хэсэгт өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг хийж ирсэн ба Оскарын 29 удаагийн шагнал хүртсэн юм. Уолтын эхнэр Лилайн Дисней хэлэхдээ: “Миний хань жил бүр Оскарын шагнал авахдаа ичдэг, авахгүй бол бүр их ичдэг” гэжээ. Бас Уолт Дисней хоёр охиныхоо сайн аав байж, тэдэндээ хайрыг харамгүй зориулж, буцаад тэрнээс ч их хайрыг авдаг байжээ. Тйимээс энэ их хайрыг түгээгч олон мянган гүнж, ханхүү нарт зориулан, гайхамшигт Диснейн ертөнцийн үүд хаалгыг нээсэн юм. Диснейн хүүхэлдэйн кино бүр цаанаа гүн гүнзгий утга санааг илтгэж, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц бүтээл болдог юм. Би ч гэсэн тэр кинонууд үзэж, тэр номнуудыг уншиж хүмүүжсэн. Тиймдээ ч миний мөрөөдөл түүний тарьсан  үр юм. Одоо тэр үр хэдийнэ цоморлигоо нээн, дэлхийгээс том дэлбээгээ дэлгэсэн. Алдарт зохиолч Дэн Бравн “Да Винчи код” номондоо: “Уолт Дисней бол Ариун Грейлийн түүхийг хойч үеийнхэндээ өвлүүлж үлдээхийн тулд бүх л амьдралаа зориулсан хүн. Дисней цаг үеэсээ хол давсан сэтгэлгээ, хосгүй авьяастан байсан юм” гэжээ. Ихэнх удирдагчид хэлэхдээ “Ромыг нэг л өдөр бүтээгээгүй юм” гэдэг. Яг л үүн шиг Дисней бүх зүйлийг шат дараатай үргэлжлүүлдэг хүн юм. Хамгийн гол нь бусдыг зөв удирдаж, зөвхөн урагшаа тэмүүлнэ гэдэг түүний амьдралын алтан дүрэм. Магадгүй Уолт хэрвээ амьд байсан бол надад ирээд ингэж хэлэх байсан байх:
Иргэн Баярмаа та миний маргааш мөн
Ирээдүй өөд алхах хөл минь мөн
Их хаалгыг татах гар минь мөн
Гэхдээ чи өөрөөрөө байх нь чухал
Гэгээн мөрөөдлөө орхиж болохгүй

Энэ бүгдээс дүгнэлт хийхэд: миний манлайлагч миний мөрөөдлөөс урган гарсан ба өнгөрсөн үеийн манлайлагч минь Уолт Дисней. Өнөөдөр харин би өөрөө байж, Ирээдүйд бас өөрөө хэн нэгний манлайлагч болж үлдэх нь чухал юм.  ‘’’ Би бол манлайлагч....
Бичсэн : Б.Баярмаа   2012 он

Ээждээ бичсэн захидал (одоогоос 4-өөд жилийн өмнө бичжээ)

Сайн байна уу? Хайрт ээж минь тандаа би хязгааргүй хайртай, та ч наддаа хязгааргүй хайртай гэдгийг охин чинь сайн мэднэ. Ээж ээ. Би энэ хорвоо дээрх хамгийн азтай хүн. Яагаад гэвэл би энэ дэлхийн хаана ч байхгүй хамгийн сайхан ээжтэй хүн. Энэ үгийг таныг таньдаг бүх л хүн хүлээн зөвшөөрнө. Амьдралынхаа арван долоо дахь хавартай золгож байгаа охин чинь тандаа анх бичиг сурч эхэлсэн цагаасаа л захидал бичиж өгсөн. Энэ захидал тэгэхээр эхнийх нь бас эцсийнх нь ч биш ээ.

Охин чинь одоохондоо тандаа эрднийн чулуу хэлхэж өгч чадахгүй ч үгсийн эрднээ хэлхэн харамгүй хайрлая. Хөгжилтэй ч гэх юм уу нэгэн дурсамжаа тандаа ярьж өгье. Гуравдугаар ангидаа би анх таныхаа духан дээрх жижигхээн үрчлээг  чинь харчихаад таныгаа хөгширнө гэдгийг анх тэгэхэд ухаарсан. Тэгээд зуун наст, шимтэглээ зэрэг олон цэцэг холиод мөнхийн ус хийж байснаа тодхон санаж байна. Энэ мэдээж бүтэхгүй санаа байсан ч таныгаа баярлуулж, охин чинь сайн явбал таны минь магнай тэнийж, үрчлээ чинь багасна гэдгийг охин чинь балчраасаа эхлэн сайн ойлгосон. Намайг шагнал авч, онц дүн авахад та минь л илүүтэй баярладаг.

Охин нь энэ жил 11-р анги болохоор мэргэжлээ сонгох гэж их л будиллаа. Би нисгэгч болохоор шийдэж нэг үзлээ. Хүмүүс Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Таж махалыг дэргэдээс нь үзэхийг хүсдэг бол бардам охин чинь дээрээс нь харахыг хүссэн юм. Гэхдээ энэ гол биш ээ. Охин чинь таныхаа дээрээс сая сая сарнай унагаж баярлуулах гэсэн юм. Гэхдээ та минь тэнгэрээс намайгаа уначих вий гэж санаа зовох байх гээд охин чинь шантарлаа. Бас зоригт охин чинь нэг хэсэг тэнэг бодолдоо автан уулчин болохоор шийдэж нэг үзлээ. Эрэлхэг охин чинь хэний ч хүрээгүй  тэр оргилд хүрэх гэсэн юм. Энэ бас чухал биш ээ. Ижий таныхаа нэрийг өндөрт мандуулах гэсэн юм. Гэвч бас л та минь намайгаа бэртчих вий гэж санаагаа зовоох байх гэхээс охин чинь дахиад халширлаа. Гэхдээ би цор ганц зөв шийдвэр гаргасаан. Энэ бол таныхаа мэргэжлийг өвлөж авах. Угаасаа математикийн хичээлдээ дуртай, нийгмийн оролцоо сайтай болохоороо нягтлан бодогч гэдэг энэ мэргэжил надад маш их таалагддаг. Охин чинь таныхаа үргэлжлэл юм шүү.
Үргэлж инээж явдаг болохоороо та минь ийм хөөрхөн, хамгаас зөөлөн ааштай болохоороо та минь бүх зүйлээрээ үзэсгэлэнтэй. “Миний ээжийг Байгальмаа гэдэг, Миний ээж энэ хорвоо дээрх хамгийн сайхан ээж “ гэж энэ дэлхий дээрх зургаан тэрбум хүнд бүгдэнд нь бардамнаж ярьсан ч охиных нь ам чилэхгүй ээ ээжээ. Хорвоо дээрх хамгийн баталгаатай цор ганц туйлын үнэн гэвэл та минь энэ хорвоогийн хамгийн сайхан ээж. Худлаа биш шүү.
Өнгөрсөн жил би сургуулийнхаа захидлын уралдаанд оролцсон юм. Тэнд захидлаа өгсөн хүүхдүүд бүгд л тэнгэрийн оронд байгаа ээждээ гэж хаягласан байсан юм. Харин би л ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн нягтлан бодогч ээждээ гэж хаягласан байсан юм. Үүгээрээ баярлаж бас их л ухаарсан. Хүмүүс бүгд л ээжийгээ байхгүй болсон хойно нь л хайрладаг гэсэн, бас хүүхэд гаргасан хойноо л эхийнхээ зовлонг ойлгодог гэсэн. Харин би бол үгүй ээ ээжээ. Охин нь сайн ойлгодог. Хааяа манай найзууд хорвоогоос уйдаж байна гэж ярьдаг. Би энэ үгийг сонсоод маш их гайхдаг. Надад амьдралаас уйдаж байсан өдөр нэг ч байхгүй ээ. Амьдрал сайхаан. Яагаад гэвэл дэргэд минь та байгаа учраас. 
Би энэ дэлхий дээрх хамгийн азтай охин шиг ээ таныгаа энэ хорвоо дээрх хамгийн азтай ээж болгох болно оо. Минийхээ дэргэд хэзээ ч уйлдаггүйд чин баярлалаа ээжээ, хэрвээ таныгаа уйлах юм бол охин чинь цусаар уйлах болно. Хэрвээ таныгаа өвдөх юм бол охины чинь сэтгэл тэрнээс илүүгээр өвдөх болно.
Одоохондоо охин чинь тэнгэрт эрх дураараа халин дүүлэн нисч, газарт унах бороон мөнгөн дуслуудыг агаарт нь залгиж, илүү өндөрт нисэхийг хүссэн шувуухай. Энэ бүхэн таны минь л ач. Та минь намайгаа бусдаас дутахааргүй хувцаслаж, бусдаас илүүгээр жаргалтай хүн болгосон. Охин чинь тантайгаа адил бусдаар өрөвдүүлэх дургүй. Өрөвдүүлж амьдрахаар атаархуулж амьдар гэдэг энэ үгэнд би их дуртай. Хорвоод би танаараа гайхуулж, та минь надаараа гайхуулж орчлон бидэнд атаархах болно. Бас эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг энэ үгэнд би их дуртай. Яагаад гэвэл таны минь энэ сайхан зан чанараас надад өчүүхэн ч гэсэн байгаа гэж бодохоор. Ижийдээ охин чинь хол байсан ч ойр байсан ч хамаагүй бүр дэргэд чинь байсан ч үргэлж захидал бичих болно.
Эхэлсэн зүйлээ дуусгадаг
Энэ л хорвоогийн жамыг дагаж
Эцсийн энэхүү мөрөн дээр
Элэг зүрхээ догдлуулан сууна.


Захидал баяртай гэж дуусдаг бол харин минийх бол үгүй ээ.. төгсгөлгүй эхлэл бас өрнөл

Хамгаас хайрт охиноос нь


2010 оны гуравдугаар сарын найман.               Даваа гараг

Бичсэн : Б.Баярмаа