Friday, October 23, 2015

Танд Маркетингийн Судалгаа Хэрэгтэй Юу?

Бизнес эрхлэгчид өрсөлдөөнд ялж, зах зээлд байр сууриа бэхжүүлэн ажиллахын тулд эдийн засгийн зохион байгуулалтын үндсэн асуудлаа оновчтой шийдвэрлэхэд гадаад, дотоод орчны өөрчлөлтийн талаарх үнэн зөв, бодитой мэдээлэлд тулгуурах зайлшгүй шаардлагатай байдаг. Мэдээллийн үнэн зөв, бодитой, найдвартай байдлыг маркетингийн судалгаа л хангаж өгдөг. 
Маркетингийн судалгаа нь байгууллагын хөгжлийн үндсэн чиглэл, стратегийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулах бодит үндэслэлийг бүрдүүлэх, түүнчлэн байгууллагын өмнө тулгарч байгаа эгзэгтэй асуудлыг оновчтой шийдвэрлэх хамгийн боломжтой арга замыг бүрдүүлж байдаг.
Маркетингийн шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийг олж цуглуулах, шинжилгээ хийх эрэмбэ дараатай үйл явцыг маркетингийн судалгаа гэдэг.
Мэдээллийн үнэ цэнэ нь хүний өдөр тутмын үйл ажиллагаанд гаргасан шийдвэрийн үнэ цэнээр тодорхойлогдоно. Хэрэглэгчдийн худалдан авах хүсэл сонирхолыг төрүүлэхүйц өнгө, үзэмжтэй, амт чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгон, боломжийн үнэ, оновчтой сувгаар сурталчилан борлуулах арга ухааныг маркетингийн судалгаа бүрдүүлж байдаг. Иймд маркетингийн судалгаа нь байгууллагад маркетингийн хольцын зохистой хослолыг хэрэглэн зах зээлд амжилт олох нөхцлийг бүрдүүлнэ.

Маркетингийн судалгааны өөр нэг бодитой үр дүн бол байгууллага, аж ахуйн нэгж хөгжлийнхөө үндсэн чиглэл, урт ба богино хугацааны төлөвлөгөө боловсруулах бодит үндэслэлийг олж авдагт оршино. Маркетингийн судалгааны явцад байгууллагын өмнө тулгарч байгаа эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх хамгийн боломжтой арга замыг олох, дэвшүүлсэн зорилго, зорилт, төлөвлөгөөгөө үр ашигтай хянах боломж бүрддэг.

Маркетингийн судалгааны үр дүнд маркетингийн шинэ шинэ боломжуудыг нээн илрүүлж, байгууллага хөгжин дэвжих, өрсөлдөгчөө ялан дийлэх аугаа их нөөц, хүчийг хуримтлуулна. Маркетингийн маш олон янзын нөөц, боломжууд байдаг. Тухайлбал, цоо шинэ зах зээл олох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, шинэ сав баглаа боодол бүтээх, борлуулалтын шинэ суваг нээх гэх мэт боломжууд байдаг. Эдгээр боломжуудыг маркетингийн судалгааны үр дүнд л илрүүлдэг.
Байгууллагууд маркетингийн судалгааг тодорхой дэс дарааллын дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Маркетингийн судалгааг дараах дарааллаар хийдэг. Үүнд:
1. Судлах асуудлыг тодорхойлох
2. Судалгааны дизайн боловсруулах
3. Мэдээлэл цуглуулах арга хэлбэрээ сонгох
4. Түүвэрлэлтийн дизайн гаргаж мэдээлэл цуглуулах
5. Мэдээлэл, судалгааг нэгтгэн, шинжилж дүгнэлт гаргах
6. Судалгааны тайлан бэлтгэх 

Маркетингийн судалгаа логик уялдаа холбоо бүхий нарийн дэс дараат үйл явц бөгөөд судлах зүйл, түүний шинж төлөв, удирдлагад тулгарсан шийдвэрлэх асуудлын байдлаас хамааран эдгээр дарааллыг хэрхэн хэрэгжүүлэх, судалгааг яаж төгсгөх арга хэлбэрийг шийднэ. Маркетингийн судалгааг бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу байнга хэрэгжүүлснээр маркетингийн мэдээллийн тогтолцоо бүрддэг. 
Маркетингийн судалгааны үндсэн чиглэлийг дараах байдлаар тодорхойлдог. Үүнд:
  1.  Зах зээл ба борлуулалтын судалгаа :
- Зах зээлийн багтаамжийн үнэлгээ
- Зах зээлийн хэсгийн үнэлгээ
- Зах зээлийн хөгжлийн хандлага
              2. Борлуулалтын мэдээлэл :
 - Зах зээлийн чадавхийн үнэлгээ
- Хэрэглэгчдийн хүсэл хандлага
- Өрсөлдөгчдийн зах зээл
             3. Бүтээгдэхүүний судалгаа :
 - Шинэ бүтээгдэхүүний санаа олох
 - Бүтээгдэхүүний концепци бий болгох
 - Бүтээгдэхүүнийг турших
 - Туршиж буй бүтээгдэхүүний мааркетингийг зохион байгуулах
 - Баглаа боодлын  төрлийг судалж турших
                4. Үнийн судалгаа
 - Үнэ ба эрэлтийн хамаарлын судалгаа
 - Амьдралын мөчлөгийн янз бүрийн шатууд дахь үнийн бодлогын прогноз
                 5. Бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн судалгаа
 - Зарлал сурталчилгааны үр ашиг
 - Мэдээллийн хэрэгслүүдийн үр ашиг
 - Сурталчилгааны янз бүрийн хувилбаруудыг турших
 - Идэвхжүүлэлтийн хэрэгсэл, аргуудыг харьцуулан шинжлэх
 - Бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж буй явц
                      6. Маркетингийн орчны судалгаа
 - Маркетингийн дотоод орчны үнэлгээ
 - Гадаад орчны хүчин зүйлийн нөлөөлөл
                    7. Өрсөлдөгчийн судалгаа
 - Өрсөлдөгчдийн зорилго, хүчтэй ба сул талын судалгаа
 - Өрсөлдөгчдийн хариу үйлдлийн бүтцийн үнэлгээ
 - Өрсөлдөгчдийн санхүүгийн хүчин чадлын ба технологийн түвшний үнэлгээ
 - Удирдлага зохион байгуулалтын түвшний үнэлгээ
 - Өрсөлдөгчийн нэр хүнд ба аргаа өөрчлөх чадварын үнэлгээ
 - Нөөц ба шинжлэх ухааны чадавхийн үнэлгээ
 Маркетингийн судалгааны аль чиглэлээр судалгаа хийх вэ? гэдгийг тухайн байгууллагын зорилго, зорилт, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхойлно.

Байгууллага зах зээлийн ширүүн өрсөлдөөний нөхцөлд оршин тогтнох бодит үндэс нь нарийн бодож, төлөвлөн хийсэн маркетингийн судалгааны үр дүнг ашиглахад оршино.




Бичсэн : Б.Баярмаа

2015.07.05

No comments:

Post a Comment