Saturday, December 28, 2013

Бүх нууцын тайлал БИ байхсан

Би бээр уншиж сурсан цагаасаа л шинжлэх ухаанч "нууцын тайлалт" ном унших их дуртай байлаа. Хансель Гритель, Жюль Вэрн : "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь", Дэн Браун : "Да Винчи Код" Джон Перкинс : "Эдийн засгийн алуурчны наминчлал" "Эрвээхийн нөлөөлөл" гээд бүгд нууцыг тайлсан зохиолууд юм.
Энэ хорвоогийн олон нууцуудын хэдэн хувийг та мэдэх вэ?
Эцэст нь орчлон дээрх бүх нууцын тайлал би байхсан..

Би тэнгэрт дүүлэхийг хүссэн Болжмор

За өнөөдөр бодлоо хэлхэн ийм зураг бүтээлээ. Бүгдээрээ том зорилготой, том бодолтой байгаарай.
Гол нь : "Мөрөөдлөө хүмүүст битгий ярь, зүгээр л тэдэнд харуул"

2013.12.10 Мягмар гараг "Найз"

Өнөөдөр /цас ороогүй мөртлөө цаанаа л жихүүн өвлийн нэгэн жирийн өдөр/ сургууль руугаа өнөөх л танил замаараа нөгөөх л танил орчноо ажиглан алхаж байлаа. Гэтэл урд минь нэгдүгээр ангийн болов уу гэмээр хоёр охин мөхөөлдөс идэн чанга инээлдэн, хөтлөлцөн алхаж байна /Тэр хоёрын нөхөрлөл мөхөөлдөс болон хүйтэн өвлийг дулаацуулж байгаа бололтой/

Үүнийг харан би нөхөрлөлийн талаар элдвийг эргэцүүллээ.
1. Найз гэж хэн бэ?
2. Найзыгаа би 100 хувь мэдэх үү? найз минь намайг 100 хувь мэдэх болов уу?
3. Нөхөрлөлтэй би хэзээ анх учрав?
4. Найз нөхөргүй бол би хэн бэ?

Арван жилдээ бид нар наймуулаа найзалдаг байлаа.. Энэ нөхөрлөл л миний хувьд хамгийн үнэтэй. Найзууд минь наддаа үнэтэй, надад найз гэж хэн байдгийг хэлж, харуулж өгсөндөө..

"Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад хаана дууссандаа......"
Бидний нөхөрлөлийн түүх яг хаанаас эхэлснийг сайн санахгүй байгаа ч нэг л мэдэхэд хагацаж чадахгүй нэгэн цулыг найман хүн бүрдүүлчихсэн байсан юм.
Бид хамгийн дүрсгүй нь. Охидууд хэрнээ зодоонд оролцож байлаа, /нэг найз минь бүр надаас болж зодуулж нүүрэндээ сорвитой болж байсан түүх ч бий/
Бид хамгийн шилдэг нь. 9-р анги төгсөөд сурлагаар нь жагсаахад мань хэд л хамгийн дээр нь жагсаж байсан. Сургуулийн олимпиад, загварын тэмцээн, загвар зохион бүтээх тэмцээнүүдийг гаргаадаггүй түрүүлдэг байлаа.

Дүрсгүй сайхан өдрүүд минь төгсгөл болж бид салаа замын эхэнд иржээ.. /Их сургуульд орцгоов/
Бүгд л өөрийн сонгосон замаараа алхацгаах боллоо. Хэзээ нэг өдөр буцаад хамт байсан өнгөрсөн өдрүүд лүүгээ буцах ч юм шиг,, санагддаг байлаа. Бүгд өөр өөр мэргэжил сонгон бүгд өөр хамт олонд уусцгаасан юм. 4 жилийн дараа эргээд уулзахад бодол, санаа, хүсэл, зорилго өөр өөр болцгоосон байна.. Гэвч биднийг *дурсамж* минь холбосон хэвээр....

Найзуудаараа би бахархдаг...

Цаг хугацаа миний дуртай тархины хоол

Энэхүү зургийг хараад таны толгойд юу бодогдож байна? Зураач Алекс Алимени энэ зургандаа нэр өгөөгүй юм. Магадгүй нэр гэдэг ойлголт энэ зурганд багадах байх.. Заримдаа хугацааг хэмждэг энэ цаг гэгч багаж худлаа ч юм санагддаг уу? Хугацааг ашиглан *сэргэлэнгүүд* түрүүлээд хөдөлчихсөн байдаг.. Та хожуу ухаарсан байж болно, одоо ч хамаагүй тэднийг алхаж байхад хооронд хажуугаар нь гүйгээд гар.......

Saturday, December 7, 2013

МИНИЙ МАНЛАЙЛАГЧ

Хүн бүр л энэ хорвоо дээр мэндлээд өөрийн нэгэн цоо шинэ, агуу ертөнцийг бүтээдэг. Мэдээж биднийг өсгөж, хүмүүжүүлж, өөрсдийнхөө соёлыг түгээсэн эцэг эх, эмээ өвөө нар минь бидний хамгийн сайн манлайлагчид байдаг ч тэднийг манлайлагч гэж хэлэхэд энэ үгийн утга багадна.
Он жилийн алчуур
Олон дахин далласаар
Өнгөрсөн дуртгал дотроос
Өөрөө намайг дуудна
Мартсныг санаж, үлдсэнийг бүтээе гэж
Манлайлагчийнхаа талаар өгүүлье
Харин миний мөрөөдөл, зорилгоос урган гарсан цор ганц манлайлагч байдаг. Тэр хүн л хамгийн зөвийг ярьж, тэр хүн л хамгийн ихийг хийж, тэр хүн л хамгийн шинэлэг бүхнийг сэтгэн гаргаж, тэр л манлайлагч гэдэг үгийг бүрэн утгаар нь илэрхийлж чадах хүн. Түүнийг Уолт Дисней гэдэг ба агуу “Диваажингийн хот” болох Дисней лендийг өөрийн уран сэтгэмж, ухаанаар бүтээсэн хүн юм. Уолт хар багаасаа л их зовлон үзэж өссөн ба тэрээр миний амьдралд “Хүүхэд нас” гэж байгаагүй гэж хэлжээ. Учир нь тэр үүрийн 3 цаг гэхэд л бусдаас түрүүлж босон өглөөний сонины шинэ дугаар худалдан авч борлуулдаг байсан юм. Багаасаа л их зураг зурах дуртай хүү байжээ. Түүнийг алдарт хүргэсэн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бол “Алиса гайхамшгийн оронд” юм. Мөн нэр цууг авчирсан Микки маустаа тэрээр бусад бүх дүрүүдээс илүүтэйгээр хайртай. Диснейн бүтээлүүд алдарт хүрэхэд Уолтод биш Миккид гарчигласан захианууд ихээр ирдэг байсан  юм. Уолт Дисней хоёр охинтой ба анх тэдэндээ зориулж хашаан дотроо анхны Дисней Лендийг бүтээжээ. Уолт хэлэхдээ : “хүмүүс надад ийм сайхан үлгэрийн ертөнцийг байгуулсанд баярлалаа гэж хэлэхийг хүсвэл миний хоёр гүнжид ингэж хэлэх нь илүү тохиромжтой гэж би хэлнэ” гэжээ.
Тэрээр агуу шинийг санаачлагч төдийгүй чадварлаг удирдагч байсан юм. Дисней өөрийн компанийн ажилчдынхаа эхлээд зорилгыг, дараа нь мөрөөдлийг мэдэж, тэднийг эерэг сэтгэлгээтэй болгож, алхам тутамдаа инээмсэглэж явахыг зөвлөдөг байжээ. Мөн тэрээр: “Диваажингийн хотын ажилчдыг хүүхдүүд тэнгэрийн элч мэтээр л төсөөлдөг. Тэд ч тийм байдаг толгойн дээрээ цагирагггүй л болохоос..” гэжээ. Бас тэр амьралынхаа ихэнх хэсэгт өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг хийж ирсэн ба Оскарын 29 удаагийн шагнал хүртсэн юм. Уолтын эхнэр Лилайн Дисней хэлэхдээ: “Миний хань жил бүр Оскарын шагнал авахдаа ичдэг, авахгүй бол бүр их ичдэг” гэжээ. Бас Уолт Дисней хоёр охиныхоо сайн аав байж, тэдэндээ хайрыг харамгүй зориулж, буцаад тэрнээс ч их хайрыг авдаг байжээ. Тйимээс энэ их хайрыг түгээгч олон мянган гүнж, ханхүү нарт зориулан, гайхамшигт Диснейн ертөнцийн үүд хаалгыг нээсэн юм. Диснейн хүүхэлдэйн кино бүр цаанаа гүн гүнзгий утга санааг илтгэж, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц бүтээл болдог юм. Би ч гэсэн тэр кинонууд үзэж, тэр номнуудыг уншиж хүмүүжсэн. Тиймдээ ч миний мөрөөдөл түүний тарьсан  үр юм. Одоо тэр үр хэдийнэ цоморлигоо нээн, дэлхийгээс том дэлбээгээ дэлгэсэн. Алдарт зохиолч Дэн Бравн “Да Винчи код” номондоо: “Уолт Дисней бол Ариун Грейлийн түүхийг хойч үеийнхэндээ өвлүүлж үлдээхийн тулд бүх л амьдралаа зориулсан хүн. Дисней цаг үеэсээ хол давсан сэтгэлгээ, хосгүй авьяастан байсан юм” гэжээ. Ихэнх удирдагчид хэлэхдээ “Ромыг нэг л өдөр бүтээгээгүй юм” гэдэг. Яг л үүн шиг Дисней бүх зүйлийг шат дараатай үргэлжлүүлдэг хүн юм. Хамгийн гол нь бусдыг зөв удирдаж, зөвхөн урагшаа тэмүүлнэ гэдэг түүний амьдралын алтан дүрэм. Магадгүй Уолт хэрвээ амьд байсан бол надад ирээд ингэж хэлэх байсан байх:
Иргэн Баярмаа та миний маргааш мөн
Ирээдүй өөд алхах хөл минь мөн
Их хаалгыг татах гар минь мөн
Гэхдээ чи өөрөөрөө байх нь чухал
Гэгээн мөрөөдлөө орхиж болохгүй

Энэ бүгдээс дүгнэлт хийхэд: миний манлайлагч миний мөрөөдлөөс урган гарсан ба өнгөрсөн үеийн манлайлагч минь Уолт Дисней. Өнөөдөр харин би өөрөө байж, Ирээдүйд бас өөрөө хэн нэгний манлайлагч болж үлдэх нь чухал юм.  ‘’’ Би бол манлайлагч....
Бичсэн : Б.Баярмаа   2012 он

Ээждээ бичсэн захидал (одоогоос 4-өөд жилийн өмнө бичжээ)

Сайн байна уу? Хайрт ээж минь тандаа би хязгааргүй хайртай, та ч наддаа хязгааргүй хайртай гэдгийг охин чинь сайн мэднэ. Ээж ээ. Би энэ хорвоо дээрх хамгийн азтай хүн. Яагаад гэвэл би энэ дэлхийн хаана ч байхгүй хамгийн сайхан ээжтэй хүн. Энэ үгийг таныг таньдаг бүх л хүн хүлээн зөвшөөрнө. Амьдралынхаа арван долоо дахь хавартай золгож байгаа охин чинь тандаа анх бичиг сурч эхэлсэн цагаасаа л захидал бичиж өгсөн. Энэ захидал тэгэхээр эхнийх нь бас эцсийнх нь ч биш ээ.

Охин чинь одоохондоо тандаа эрднийн чулуу хэлхэж өгч чадахгүй ч үгсийн эрднээ хэлхэн харамгүй хайрлая. Хөгжилтэй ч гэх юм уу нэгэн дурсамжаа тандаа ярьж өгье. Гуравдугаар ангидаа би анх таныхаа духан дээрх жижигхээн үрчлээг  чинь харчихаад таныгаа хөгширнө гэдгийг анх тэгэхэд ухаарсан. Тэгээд зуун наст, шимтэглээ зэрэг олон цэцэг холиод мөнхийн ус хийж байснаа тодхон санаж байна. Энэ мэдээж бүтэхгүй санаа байсан ч таныгаа баярлуулж, охин чинь сайн явбал таны минь магнай тэнийж, үрчлээ чинь багасна гэдгийг охин чинь балчраасаа эхлэн сайн ойлгосон. Намайг шагнал авч, онц дүн авахад та минь л илүүтэй баярладаг.

Охин нь энэ жил 11-р анги болохоор мэргэжлээ сонгох гэж их л будиллаа. Би нисгэгч болохоор шийдэж нэг үзлээ. Хүмүүс Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Таж махалыг дэргэдээс нь үзэхийг хүсдэг бол бардам охин чинь дээрээс нь харахыг хүссэн юм. Гэхдээ энэ гол биш ээ. Охин чинь таныхаа дээрээс сая сая сарнай унагаж баярлуулах гэсэн юм. Гэхдээ та минь тэнгэрээс намайгаа уначих вий гэж санаа зовох байх гээд охин чинь шантарлаа. Бас зоригт охин чинь нэг хэсэг тэнэг бодолдоо автан уулчин болохоор шийдэж нэг үзлээ. Эрэлхэг охин чинь хэний ч хүрээгүй  тэр оргилд хүрэх гэсэн юм. Энэ бас чухал биш ээ. Ижий таныхаа нэрийг өндөрт мандуулах гэсэн юм. Гэвч бас л та минь намайгаа бэртчих вий гэж санаагаа зовоох байх гэхээс охин чинь дахиад халширлаа. Гэхдээ би цор ганц зөв шийдвэр гаргасаан. Энэ бол таныхаа мэргэжлийг өвлөж авах. Угаасаа математикийн хичээлдээ дуртай, нийгмийн оролцоо сайтай болохоороо нягтлан бодогч гэдэг энэ мэргэжил надад маш их таалагддаг. Охин чинь таныхаа үргэлжлэл юм шүү.
Үргэлж инээж явдаг болохоороо та минь ийм хөөрхөн, хамгаас зөөлөн ааштай болохоороо та минь бүх зүйлээрээ үзэсгэлэнтэй. “Миний ээжийг Байгальмаа гэдэг, Миний ээж энэ хорвоо дээрх хамгийн сайхан ээж “ гэж энэ дэлхий дээрх зургаан тэрбум хүнд бүгдэнд нь бардамнаж ярьсан ч охиных нь ам чилэхгүй ээ ээжээ. Хорвоо дээрх хамгийн баталгаатай цор ганц туйлын үнэн гэвэл та минь энэ хорвоогийн хамгийн сайхан ээж. Худлаа биш шүү.
Өнгөрсөн жил би сургуулийнхаа захидлын уралдаанд оролцсон юм. Тэнд захидлаа өгсөн хүүхдүүд бүгд л тэнгэрийн оронд байгаа ээждээ гэж хаягласан байсан юм. Харин би л ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн нягтлан бодогч ээждээ гэж хаягласан байсан юм. Үүгээрээ баярлаж бас их л ухаарсан. Хүмүүс бүгд л ээжийгээ байхгүй болсон хойно нь л хайрладаг гэсэн, бас хүүхэд гаргасан хойноо л эхийнхээ зовлонг ойлгодог гэсэн. Харин би бол үгүй ээ ээжээ. Охин нь сайн ойлгодог. Хааяа манай найзууд хорвоогоос уйдаж байна гэж ярьдаг. Би энэ үгийг сонсоод маш их гайхдаг. Надад амьдралаас уйдаж байсан өдөр нэг ч байхгүй ээ. Амьдрал сайхаан. Яагаад гэвэл дэргэд минь та байгаа учраас. 
Би энэ дэлхий дээрх хамгийн азтай охин шиг ээ таныгаа энэ хорвоо дээрх хамгийн азтай ээж болгох болно оо. Минийхээ дэргэд хэзээ ч уйлдаггүйд чин баярлалаа ээжээ, хэрвээ таныгаа уйлах юм бол охин чинь цусаар уйлах болно. Хэрвээ таныгаа өвдөх юм бол охины чинь сэтгэл тэрнээс илүүгээр өвдөх болно.
Одоохондоо охин чинь тэнгэрт эрх дураараа халин дүүлэн нисч, газарт унах бороон мөнгөн дуслуудыг агаарт нь залгиж, илүү өндөрт нисэхийг хүссэн шувуухай. Энэ бүхэн таны минь л ач. Та минь намайгаа бусдаас дутахааргүй хувцаслаж, бусдаас илүүгээр жаргалтай хүн болгосон. Охин чинь тантайгаа адил бусдаар өрөвдүүлэх дургүй. Өрөвдүүлж амьдрахаар атаархуулж амьдар гэдэг энэ үгэнд би их дуртай. Хорвоод би танаараа гайхуулж, та минь надаараа гайхуулж орчлон бидэнд атаархах болно. Бас эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг энэ үгэнд би их дуртай. Яагаад гэвэл таны минь энэ сайхан зан чанараас надад өчүүхэн ч гэсэн байгаа гэж бодохоор. Ижийдээ охин чинь хол байсан ч ойр байсан ч хамаагүй бүр дэргэд чинь байсан ч үргэлж захидал бичих болно.
Эхэлсэн зүйлээ дуусгадаг
Энэ л хорвоогийн жамыг дагаж
Эцсийн энэхүү мөрөн дээр
Элэг зүрхээ догдлуулан сууна.


Захидал баяртай гэж дуусдаг бол харин минийх бол үгүй ээ.. төгсгөлгүй эхлэл бас өрнөл

Хамгаас хайрт охиноос нь


2010 оны гуравдугаар сарын найман.               Даваа гараг

Бичсэн : Б.Баярмаа

Түм буман “Яагаад?”

Миний сэтгэл санаа маш их үймэрч, оюун бодол минь төөрч маш их зүйлд санаа зовон өөрөө ч мэдэхгүй түм буман “яагаад” дунд төөрчихөөд байна. Яагаад би энэ хорвоод мэндлэв? Яагаад энэ хорвоод мэндлэхдээ энэ бие, энэ оюун ухааны цогцтой хамт ирэв?

Дунд сургуулийн сурагч байхдаа энд тэндхийн олимпиад, тэмцээнд оролцон, өөрийгөө хөгжүүлэн математикаар түлхүү хичээллэж, бусад хүүхдүүдийн мэдэхгүй тэр математикийн олон томъёо, Стюартын теорем, арифметкийн өргөтгөсөн хуулиуд гэх мэт олон зүйлүүдийг мэддэг байсан ч миний мэдлэг энэ хорвоогийн бүх зүйлийн 0.00000000000000001 хувьд нь ч хүрэхгүй гэж бодохоор өөрийгөө дэндүү ихээр өрөвдөж, шар гозойн, атаархал гэгч дээд цэгтээ хүрэх юм. Яагаад дэлхийн таталцлын хууль биетэй болгонд үйлчлэх ёстой юм бол шувууд жигүүрээ дэлгэх төдийд газраас холддог юм бэ? Яагаад хүмүүс баяжихын төлөө эцэс төгсгөлгүй оргилын өөд үхэн хатан зүтгэдэг юм бэ? Яагаад? Яагаад? Түм буман “яагаад” дунд дахиад л навс уначихлаа. Энэ бүгдийг өөрөөсөө асуух тутам толгой минь өвдөх шиг.. Түүний учрыг олох гэж үсэн дундууруу гараа хийн толгойгоо маажина. Яг л тэр толгой дотор минь энэ асуултуудын түлхүүр байгаа юм шиг л тархиныхаа нугалаас бүрээс хайж гарлаа. Энэ мөчид оюун ухаан минь аль хэдийнээ дэлхийгээс тасран сансарт, одод дунд хүрчихжээ. Нэг одноос нөгөө од руу дүүлэн ниснэ. Хэн ч саад болохгүй, хэн ч тэнд байхгүй, ганц миний оюун ухаан л тэнд элдвийг сонирхон үсэрч цовхчин, дүүлэн дүүлсээр....

  Суут ухаантнууд хүртэл тархиныхаа хоёрхон хувийг л ашигладаг гэж бодохоор тархиныхаа дөчин таван хувийг ашигладаг хүн энэ хорвоод мэндэлвэл энэ утга учиргүй хүмүүсийн амьдралыг шоолж инээн, түм буман яагаадыг төвөггүй хариулж, дэлхийг шүдэнзний модоор дээш өргөж, луужин, тооны машин, компьютер зэргийг толгойндоо байрлуулж, магадгүй түүний хийх үйлдлүүдийг жирийн хүмүүс хараад инээх байсан биз.. Яагаад хүмүүс бүгд энгийн байх ёстой гэж? Үеийн хүүхдүүд хайр сэтгэл гэж эсрэг хүйстнийгээ сонирхож, үерхэж салж нийлж, хаяж хаягдаж сэтгэл санаагаар унах юм.. Харин би юу ч мэдэхгүй байгаадаа санаа минь зовж, хайр дурлалаас илүү шанална.
Хааяа би маш ихээр ганцаарддаг. Миний энэ үзэл бодлыг надаас өөр хүн ойлгохгүй мэт.. Тэдний нэгэн хэвийн байдал миний тархинаас ургасан энэ олон мөчиртэй моддыг харж, ойлгож, сонсож чадахгүй. Аргагүйдээ миний тархинаас ургасан энэ мод тэнгэрээс ч өндөр юм чинь.. Ганцаардал гэж энэ аймшиг ганц намайг нөмөрсөн гэж үү? Яагаад дэлхий дээр зургаан тэрбум дөрвөн зуун сая долоон зуун мянган хүн байдаг атлаа миний хажууд яг одоо нэг нь ч байхгүй байгаа юм бэ?

Миний оюун ухаан хэрэн хэсэн явахдаа олонтаа гайхамшгийг мэдэрсэн юм. Та титаникийг төсөөлөн боддоо. Асар том хөлөг онгоцон дээр гараа алдлан зогсоод нүдээ ань юу мэдрэх юу сонсохоо зүрхээрээ мэдэр. Ард чинь хамт зогсох залуугийн чих рүү үлээх зөөлөн амьсгал, тэртээ холоос исгэрэх салхины сэвшээ, далайн ёроолд үүсэх бяцхан бөмбөлөг далайн мандал руу дээшлэн хөвсөөр далайн түвшинтэй нэг эгнээнд зэрэгцэн ирэхдээ хагарах тэр чимээ, тэнгэрт харвах оддын тэр өчүүхэн хэлтэрхий бүгдийг нэгэн зэрэг төсөөлөл дотроо мэдэрч чадвал та намайг ойлгоно.  
Би гэдэг хүн хэрээ мэдэхгүй бас их бардам ч юм шиг... Гэр бүлийнхнээсээ өөр хэний ч хажууд хэзээ ч уйлж байгаагүй. Би хүмүүст сул дорой, өрөвч зөөлөн харагдахыг хүсдэггүй. Нулимс гэгч энэ шингэн хааяа бүгдийг айлгах хүнд зэвсэг, хааяа бүхнээс зөөлөн уяраагч шидтэн болчих юм. Миний хувьд нүднээс минь бөмбөрөн гарах энэ шингэн ямарч эрдэнээс илүү үнэтэй. Би бол өөр бусдын хажууд сул доройгоо харуулах дургүй хүчгүй мөртлөө хүчтэй мэт харагдахыг хүсдэг арслан бар...
Хүмүүсийн дэргэдээс нь харахыг хүсдэг тэр Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Жомолунгма, Пирамид зэргийг би дээрээс нь харахыг хүсдэг. Хүмүүсийн дээгүүр нь алхаж хэмжиж үзэхийг хүсдэг тэр Хятадын цагаан хэрмийг би доороос нь харахыг хүсч байна. Учир нь Цагаан хэрмийн доор дэвсгэр болон орших тэр хэдэн мянган хүний эрдэнэт цогцсын тоог нь гаргахыг хүссэндээ.
Яагаад бидний өвөг дээдэс биднийг тэнгэрт нэг нар байх ёстой гэж хүмүүжүүлж ирсэн юм бэ? Чингис хаан өрсөлдөгчдөө байнга л үгүй хийж ирсэн. Найман насандаа Бэгтэр гэх эх ондоо эцэг нэгтэй ахаа харваж алахдаа магадгүй холыг харж тэрний дээр гарах хаан болж магадгүй хэмээн устгасан. Мөн Жамуха анд нь Тэмүжинд: “Нэг ууланд хоёр бар байж болохгүй” гэж хэлсэн байдаг. Яагаад тэд хамтарч болохгүй байсан юм бэ?                        Шувууд хоёр далавчтай тулдаа л тэнгэр өөд нисдэг биз дээ? Хүн хоёр хөлтэй тулдаа л биеээ тулж өргөдөг биз дээ? Хамтын хүч гэх бүхнээс хүчтэй? Энэ нь Ньютоны “Хүчний хууль”-аар батлагдчихсан зүйл шүү дээ.
Миний хамгаас их нандигнаж явдаг зүйлүүд бол миний мөрөөдөл, миний зорилго. Миний мөрөөдөл зорилго хоёр холбоотой. Үүнийгээ би мөрөөдөлд хүрэх зорилго гэж нэрлэсэн. Миний мөрөөдөл хязгаартай. Хэний ч хүрээгүй тэр оргилд хүрэх. Гагцхүү түүнд хүрэх зорилго минь нэг нэг шатаар дээш ахих... Энэ зарчмаараа явахдаа уруудсан шатны тоо их байсан ч тэр бүхнийгээ дахин давтахгүйг хичээн улам дээшээ тэмүүлсээр.. Өндрөөс өндөр энэ хүсэл тэмүүлэлд минь хязгаар гэж бүү байгаасай.

Бардам бөгөөд зоригтой, зорилготой мөрөөдөмтгий бас жоохон шаналамтгай би гэж хүн энэ жил арван найман нас хүрнэ. Энэ нь намайг насанд хүрсэн хүн болсныг гэрчлэх тоон илэрхийлэл юм. Одоо бол би хүүхэд. Хүүхэд насныхаа гэнэхэн, томоогүй цайлган сэтгэлээр энэ бүгдийг хэдэн жилийн дараа эрэгж уншин, хэр их зорилгоо ыиелүүлж, хэр их “Яагаад” гэх асуултуудад хариулж чадсанаа тунгаан бодохыг хичээсэндээ л бичлээ...........
Бичсэн : Б.Баярмаа
2011 оны 6 дугаар сар 1.