Миний сэтгэл санаа маш их үймэрч, оюун бодол минь төөрч маш их зүйлд санаа
зовон өөрөө ч мэдэхгүй түм буман “яагаад” дунд төөрчихөөд байна. Яагаад би энэ
хорвоод мэндлэв? Яагаад энэ хорвоод мэндлэхдээ энэ бие, энэ оюун ухааны цогцтой
хамт ирэв?
Дунд сургуулийн сурагч байхдаа энд тэндхийн олимпиад, тэмцээнд оролцон,
өөрийгөө хөгжүүлэн математикаар түлхүү хичээллэж, бусад хүүхдүүдийн мэдэхгүй
тэр математикийн олон томъёо, Стюартын теорем, арифметкийн өргөтгөсөн хуулиуд
гэх мэт олон зүйлүүдийг мэддэг байсан ч миний мэдлэг энэ хорвоогийн бүх зүйлийн
0.00000000000000001 хувьд нь ч хүрэхгүй гэж бодохоор өөрийгөө дэндүү ихээр
өрөвдөж, шар гозойн, атаархал гэгч дээд цэгтээ хүрэх юм. Яагаад дэлхийн
таталцлын хууль биетэй болгонд үйлчлэх ёстой юм бол шувууд жигүүрээ дэлгэх
төдийд газраас холддог юм бэ? Яагаад хүмүүс баяжихын төлөө эцэс төгсгөлгүй
оргилын өөд үхэн хатан зүтгэдэг юм бэ? Яагаад? Яагаад? Түм буман “яагаад” дунд
дахиад л навс уначихлаа. Энэ бүгдийг өөрөөсөө асуух тутам толгой минь өвдөх
шиг.. Түүний учрыг олох гэж үсэн дундууруу гараа хийн толгойгоо маажина. Яг л
тэр толгой дотор минь энэ асуултуудын түлхүүр байгаа юм шиг л тархиныхаа
нугалаас бүрээс хайж гарлаа. Энэ мөчид оюун ухаан минь аль хэдийнээ дэлхийгээс
тасран сансарт, одод дунд хүрчихжээ. Нэг одноос нөгөө од руу дүүлэн ниснэ. Хэн
ч саад болохгүй, хэн ч тэнд байхгүй, ганц миний оюун ухаан л тэнд элдвийг
сонирхон үсэрч цовхчин, дүүлэн дүүлсээр....
Суут ухаантнууд хүртэл тархиныхаа
хоёрхон хувийг л ашигладаг гэж бодохоор тархиныхаа дөчин таван хувийг ашигладаг
хүн энэ хорвоод мэндэлвэл энэ утга учиргүй хүмүүсийн амьдралыг шоолж инээн, түм
буман яагаадыг төвөггүй хариулж, дэлхийг шүдэнзний модоор дээш өргөж, луужин,
тооны машин, компьютер зэргийг толгойндоо байрлуулж, магадгүй түүний хийх үйлдлүүдийг
жирийн хүмүүс хараад инээх байсан биз.. Яагаад хүмүүс бүгд энгийн байх ёстой
гэж? Үеийн хүүхдүүд хайр сэтгэл гэж эсрэг хүйстнийгээ сонирхож, үерхэж салж
нийлж, хаяж хаягдаж сэтгэл санаагаар унах юм.. Харин би юу ч мэдэхгүй байгаадаа
санаа минь зовж, хайр дурлалаас илүү шанална.
Хааяа би маш ихээр ганцаарддаг. Миний энэ үзэл бодлыг надаас өөр хүн
ойлгохгүй мэт.. Тэдний нэгэн хэвийн байдал миний тархинаас ургасан энэ олон
мөчиртэй моддыг харж, ойлгож, сонсож чадахгүй. Аргагүйдээ миний тархинаас
ургасан энэ мод тэнгэрээс ч өндөр юм чинь.. Ганцаардал гэж энэ аймшиг ганц
намайг нөмөрсөн гэж үү? Яагаад дэлхий дээр зургаан тэрбум дөрвөн зуун сая
долоон зуун мянган хүн байдаг атлаа миний хажууд яг одоо нэг нь ч байхгүй
байгаа юм бэ?
Миний оюун ухаан хэрэн хэсэн явахдаа олонтаа гайхамшгийг мэдэрсэн юм. Та
титаникийг төсөөлөн боддоо. Асар том хөлөг онгоцон дээр гараа алдлан зогсоод
нүдээ ань юу мэдрэх юу сонсохоо зүрхээрээ мэдэр. Ард чинь хамт зогсох залуугийн
чих рүү үлээх зөөлөн амьсгал, тэртээ холоос исгэрэх салхины сэвшээ, далайн
ёроолд үүсэх бяцхан бөмбөлөг далайн мандал руу дээшлэн хөвсөөр далайн түвшинтэй
нэг эгнээнд зэрэгцэн ирэхдээ хагарах тэр чимээ, тэнгэрт харвах оддын тэр
өчүүхэн хэлтэрхий бүгдийг нэгэн зэрэг төсөөлөл дотроо мэдэрч чадвал та намайг
ойлгоно.
Би гэдэг хүн хэрээ мэдэхгүй бас их бардам ч юм шиг... Гэр бүлийнхнээсээ өөр
хэний ч хажууд хэзээ ч уйлж байгаагүй. Би хүмүүст сул дорой, өрөвч зөөлөн
харагдахыг хүсдэггүй. Нулимс гэгч энэ шингэн хааяа бүгдийг айлгах хүнд зэвсэг,
хааяа бүхнээс зөөлөн уяраагч шидтэн болчих юм. Миний хувьд нүднээс минь
бөмбөрөн гарах энэ шингэн ямарч эрдэнээс илүү үнэтэй. Би бол өөр бусдын хажууд
сул доройгоо харуулах дургүй хүчгүй мөртлөө хүчтэй мэт харагдахыг хүсдэг арслан
бар...
Хүмүүсийн дэргэдээс нь харахыг хүсдэг тэр Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний
хөшөө, Жомолунгма, Пирамид зэргийг би дээрээс нь харахыг хүсдэг. Хүмүүсийн
дээгүүр нь алхаж хэмжиж үзэхийг хүсдэг тэр Хятадын цагаан хэрмийг би доороос нь
харахыг хүсч байна. Учир нь Цагаан хэрмийн доор дэвсгэр болон орших тэр хэдэн
мянган хүний эрдэнэт цогцсын тоог нь гаргахыг хүссэндээ.
Яагаад бидний өвөг дээдэс биднийг тэнгэрт нэг нар байх ёстой гэж хүмүүжүүлж
ирсэн юм бэ? Чингис хаан өрсөлдөгчдөө байнга л үгүй хийж ирсэн. Найман насандаа
Бэгтэр гэх эх ондоо эцэг нэгтэй ахаа харваж алахдаа магадгүй холыг харж тэрний
дээр гарах хаан болж магадгүй хэмээн устгасан. Мөн Жамуха анд нь Тэмүжинд: “Нэг
ууланд хоёр бар байж болохгүй” гэж хэлсэн байдаг. Яагаад тэд хамтарч болохгүй
байсан юм бэ?
Шувууд хоёр далавчтай тулдаа л тэнгэр өөд нисдэг биз дээ? Хүн хоёр
хөлтэй тулдаа л биеээ тулж өргөдөг биз дээ? Хамтын хүч гэх бүхнээс хүчтэй? Энэ
нь Ньютоны “Хүчний хууль”-аар батлагдчихсан зүйл шүү дээ.
Миний хамгаас их нандигнаж явдаг зүйлүүд бол миний мөрөөдөл, миний зорилго.
Миний мөрөөдөл зорилго хоёр холбоотой. Үүнийгээ би мөрөөдөлд хүрэх зорилго гэж
нэрлэсэн. Миний мөрөөдөл хязгаартай. Хэний ч хүрээгүй тэр оргилд хүрэх. Гагцхүү
түүнд хүрэх зорилго минь нэг нэг шатаар дээш ахих... Энэ зарчмаараа явахдаа
уруудсан шатны тоо их байсан ч тэр бүхнийгээ дахин давтахгүйг хичээн улам
дээшээ тэмүүлсээр.. Өндрөөс өндөр энэ хүсэл тэмүүлэлд минь хязгаар гэж бүү
байгаасай.
Бардам бөгөөд зоригтой, зорилготой мөрөөдөмтгий бас жоохон шаналамтгай би
гэж хүн энэ жил арван найман нас хүрнэ. Энэ нь намайг насанд хүрсэн хүн болсныг
гэрчлэх тоон илэрхийлэл юм. Одоо бол би хүүхэд. Хүүхэд насныхаа гэнэхэн,
томоогүй цайлган сэтгэлээр энэ бүгдийг хэдэн жилийн дараа эрэгж уншин, хэр их
зорилгоо ыиелүүлж, хэр их “Яагаад” гэх асуултуудад хариулж чадсанаа тунгаан
бодохыг хичээсэндээ л бичлээ...........
Бичсэн : Б.Баярмаа
2011 оны 6 дугаар сар 1.
No comments:
Post a Comment