Сайн байна уу? Хайрт ээж минь тандаа би хязгааргүй хайртай, та ч наддаа хязгааргүй хайртай
гэдгийг охин чинь сайн мэднэ. Ээж ээ. Би энэ хорвоо дээрх хамгийн азтай хүн.
Яагаад гэвэл би энэ дэлхийн хаана ч байхгүй хамгийн сайхан ээжтэй хүн. Энэ
үгийг таныг таньдаг бүх л хүн хүлээн зөвшөөрнө. Амьдралынхаа арван долоо дахь
хавартай золгож байгаа охин чинь тандаа анх бичиг сурч эхэлсэн цагаасаа л
захидал бичиж өгсөн. Энэ захидал тэгэхээр эхнийх нь бас эцсийнх нь ч биш ээ.
Охин чинь одоохондоо тандаа эрднийн чулуу хэлхэж өгч чадахгүй
ч үгсийн эрднээ хэлхэн харамгүй хайрлая. Хөгжилтэй ч гэх юм уу нэгэн дурсамжаа
тандаа ярьж өгье. Гуравдугаар ангидаа би анх таныхаа духан дээрх жижигхээн
үрчлээг чинь харчихаад таныгаа хөгширнө
гэдгийг анх тэгэхэд ухаарсан. Тэгээд зуун наст, шимтэглээ зэрэг олон цэцэг
холиод мөнхийн ус хийж байснаа тодхон санаж байна. Энэ мэдээж бүтэхгүй санаа
байсан ч таныгаа баярлуулж, охин чинь сайн явбал таны минь магнай тэнийж,
үрчлээ чинь багасна гэдгийг охин чинь балчраасаа эхлэн сайн ойлгосон. Намайг
шагнал авч, онц дүн авахад та минь л илүүтэй баярладаг.
Охин нь энэ жил 11-р анги болохоор мэргэжлээ сонгох гэж
их л будиллаа. Би нисгэгч болохоор шийдэж нэг үзлээ. Хүмүүс Эйфелийн цамхаг,
Эрх чөлөөний хөшөө, Таж махалыг дэргэдээс нь үзэхийг хүсдэг бол бардам охин
чинь дээрээс нь харахыг хүссэн юм. Гэхдээ энэ гол биш ээ. Охин чинь таныхаа
дээрээс сая сая сарнай унагаж баярлуулах гэсэн юм. Гэхдээ та минь тэнгэрээс
намайгаа уначих вий гэж санаа зовох байх гээд охин чинь шантарлаа. Бас зоригт
охин чинь нэг хэсэг тэнэг бодолдоо автан уулчин болохоор шийдэж нэг үзлээ.
Эрэлхэг охин чинь хэний ч хүрээгүй тэр
оргилд хүрэх гэсэн юм. Энэ бас чухал биш ээ. Ижий таныхаа нэрийг өндөрт
мандуулах гэсэн юм. Гэвч бас л та минь намайгаа бэртчих вий гэж санаагаа зовоох
байх гэхээс охин чинь дахиад халширлаа. Гэхдээ би цор ганц зөв шийдвэр
гаргасаан. Энэ бол таныхаа мэргэжлийг өвлөж авах. Угаасаа математикийн
хичээлдээ дуртай, нийгмийн оролцоо сайтай болохоороо нягтлан бодогч гэдэг энэ
мэргэжил надад маш их таалагддаг. Охин чинь таныхаа үргэлжлэл юм шүү.
Үргэлж инээж явдаг болохоороо та минь ийм хөөрхөн,
хамгаас зөөлөн ааштай болохоороо та минь бүх зүйлээрээ үзэсгэлэнтэй. “Миний ээжийг Байгальмаа гэдэг, Миний ээж
энэ хорвоо дээрх хамгийн сайхан ээж “ гэж энэ дэлхий дээрх зургаан тэрбум
хүнд бүгдэнд нь бардамнаж ярьсан ч охиных нь ам чилэхгүй ээ ээжээ. Хорвоо дээрх
хамгийн баталгаатай цор ганц туйлын үнэн гэвэл та минь энэ хорвоогийн хамгийн
сайхан ээж. Худлаа биш шүү.
Өнгөрсөн жил би сургуулийнхаа захидлын уралдаанд оролцсон
юм. Тэнд захидлаа өгсөн хүүхдүүд бүгд л тэнгэрийн оронд байгаа ээждээ гэж
хаягласан байсан юм. Харин би л ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий
боловсролын нэгдүгээр дунд сургуулийн нягтлан бодогч ээждээ гэж хаягласан байсан
юм. Үүгээрээ баярлаж бас их л ухаарсан. Хүмүүс бүгд л ээжийгээ байхгүй болсон
хойно нь л хайрладаг гэсэн, бас хүүхэд гаргасан хойноо л эхийнхээ зовлонг
ойлгодог гэсэн. Харин би бол үгүй ээ ээжээ. Охин нь сайн ойлгодог. Хааяа манай
найзууд хорвоогоос уйдаж байна гэж ярьдаг. Би энэ үгийг сонсоод маш их гайхдаг.
Надад амьдралаас уйдаж байсан өдөр нэг ч байхгүй ээ. Амьдрал сайхаан. Яагаад
гэвэл дэргэд минь та байгаа учраас.
Би энэ дэлхий дээрх хамгийн азтай охин шиг ээ таныгаа энэ
хорвоо дээрх хамгийн азтай ээж болгох болно оо. Минийхээ дэргэд хэзээ ч
уйлдаггүйд чин баярлалаа ээжээ, хэрвээ таныгаа уйлах юм бол охин чинь цусаар
уйлах болно. Хэрвээ таныгаа өвдөх юм бол охины чинь сэтгэл тэрнээс илүүгээр
өвдөх болно.
Одоохондоо охин чинь тэнгэрт эрх дураараа халин дүүлэн
нисч, газарт унах бороон мөнгөн дуслуудыг агаарт нь залгиж, илүү өндөрт
нисэхийг хүссэн шувуухай. Энэ бүхэн таны минь л ач. Та минь намайгаа бусдаас
дутахааргүй хувцаслаж, бусдаас илүүгээр жаргалтай хүн болгосон. Охин чинь
тантайгаа адил бусдаар өрөвдүүлэх дургүй. Өрөвдүүлж амьдрахаар атаархуулж
амьдар гэдэг энэ үгэнд би их дуртай. Хорвоод би танаараа гайхуулж, та минь
надаараа гайхуулж орчлон бидэнд атаархах болно. Бас эх нь хээр алаг бол унага
нь шийр алаг гэдэг энэ үгэнд би их дуртай. Яагаад гэвэл таны минь энэ сайхан
зан чанараас надад өчүүхэн ч гэсэн байгаа гэж бодохоор. Ижийдээ охин чинь хол
байсан ч ойр байсан ч хамаагүй бүр дэргэд чинь байсан ч үргэлж захидал бичих
болно.
Эхэлсэн зүйлээ дуусгадаг
Энэ л хорвоогийн жамыг дагаж
Эцсийн энэхүү мөрөн дээр
Элэг зүрхээ догдлуулан сууна.
Захидал баяртай гэж дуусдаг бол харин минийх бол үгүй
ээ.. төгсгөлгүй эхлэл бас өрнөл
Хамгаас хайрт охиноос нь
Бичсэн : Б.Баярмаа
No comments:
Post a Comment